• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

АНХААРУУЛЖ БАЙНА

2019-03-02
АНХААРУУЛЖ БАЙНА

Бага болон өсвөр насны хүүхдүүдийг айлган сүрдүүлж, гэмт хэрэгт өдөөн турхирах зорилготой “МоМо challenge” нэртэй бичлэг олон нийтийн цахим сүлжээгээр тархаад байгаатай холбогдуулан бага насны хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг Эрүүгийн цагдаагийн алба, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран зохион байгуулж байна.

“МоМо challenge” нь цахим орчинд бага болон өсвөр насны хүүхдүүдэд аймшигтай, нүд халтирам зураг, дүрс, бичлэгийг үзүүлэх замаар айлган сүрдүүлэх, сэтгэл санаа, бие мах бодийн  хямралд оруулах замаар садар самуун үйлдэл, гэмт хэрэгт өдөөн хатгах зорилготой ба улмаар хүүхдийг олон төрлийн эрсдэлтэй алхам хийлгэх даалгавар өгөх, туршиж үзэхийг санал болгодгоороо аюул занал, хор уршгийг дагуулж байна.

Энэ төрлийн бичлэг нь хүүхдүүдийн цахим сүлжээнд ихээр ашигладаг Whats up, Youtube, Facebook орчинд идэвхтэй тархаж байгаа тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ цахим орчны хэрэглээнд тавих хяналтаа дээшлүүлэхийг Эрүүгийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Эцэг эхчүүдийн заавал мэдэх зүйлс:

  1. Энэ төрлийн бичлэг нь ихэвчлэн “Up next” буюу дараагийн бичлэгт  агуулагддаг бөгөөд үзэж дууссаны дараа ижил төрлийн видео бичлэгийг санал болгосоор байдаг.
  2. Хүүхдэдээ таньж мэдэхгүй хүнтэй цахим орчинд найзлахгүй байх, шаардлагагүй фейсбүүк хуудас, групп руу нэвтэрч орохгүй байхыг зөвлөх.
  3. Хүүхэдтэйгээ тогтмол ярилцаж, цахим орчинд юу хийж байгаа, ямар бичлэг үздэг, ямар тоглоом тоглож байгааг асууж лавлах.
  4. Интернэтэд холбогдож байгаа ухаалаг төхөөрөмжүүдийг удаан хугацаагаар ашиглуулахаас зайлсхийж, насны хязгаарлалтын тохиргоог хийж өгөх.
  5. Хүүхдийнхээ цахим орчин дахь бүхий л үйл хөдлөлд анхаарал хандуулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай.

Та тархаж буй энэ бичлэгийг олж илрүүлсэн тохиолдолд Эрүүгийн цагдаагийн албаны пэйж хуудас болон criminal.police.gov.mn сайтад хандан мэдээлэл солилцож хамтарч ажиллана уу.