• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Т.НЯМСАЙХАН: ТЭР ЗАЛУУ МИНИЙ ҮГЭНД ОРООД ХУВЦСАА ӨМСӨХӨД НЬ САЙХАН САНАГДАЖ, “АШГҮЙ ДЭЭ” ГЭЖ БОДСОН

2021-01-25
ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Т.НЯМСАЙХАН: ТЭР ЗАЛУУ МИНИЙ ҮГЭНД ОРООД ХУВЦСАА ӨМСӨХӨД НЬ САЙХАН САНАГДАЖ, “АШГҮЙ ДЭЭ” ГЭЖ БОДСОН

Эх сурвалж: www.eguur.mn 

“Гадаа хүйтэн байна. Ахын дүү даарчихлаа, хувцсаа өмсчих. Эрүүл мэнд чухал. Ах нь чам шиг хүүтэй. Аль вэ энэ халуун юмнаас уучих. Ах нь чамаас гуйж байна”. Ийм халуун дулаан яриа бүхий бичлэгийг олонх уншигч цахим ертөнцөөс үзсэн байх. Сүхбаатарын талбайд уржигдар болсон жагсаалын үеэр нэгэн залуу хувцсаа тайлан, эсэргүүцлээ илэрхийлэхэд нь цагдаагийн алба хаагч хувцсаа өмсөхийг, эрүүл мэндээ бодохыг учирлан, гуйсаар байгаад өмсүүлсэн нь энэ.

Амаржсан эхэд хүнлэг бус хандсаныг эсэргүүцсэн жагсаалын үеэр тэрбээр тухайн залууг төрсөн хүү шигээ халамжлан, санаа тавьж, хүнлэг хандсан нь олны талархлыг ихэд хүлээсээр байгаа билээ. Түүнийг Т.Нямсайхан гэдэг. Цагдаагийн байгууллагад 21 жил ажиллаж буй тэрбээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа цолтой. Олонд хүнлэг цагдаа хэмээн хүндлэгдээд буй түүнтэй ярилцлаа.

-Сүхбаатарын талбайд иргэд өчигдөр (уржигдар) жагсах үеэр нэгэн залуу хувцсаа тайлж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Хувцсыг нь өмсүүлэхийн тулд тухайн иргэнийг учирлан, аргадсан тань олны талархлыг ихээхэн хүлээсээр байна. Тухайн үед ер нь юу болсон бэ?

-Би тухай үед Сүхбаатарын талбайд үүрэг гүйцэтгэн, нийтийн хэв журмыг сахиулж байсан юм. Нэг иргэн ирээд “Сүхбаатарын хөшөөний урд хэсэгт нэг залуу хувцсаа тайлан, нүцгэлсэн байна” гэх мэдээлэл өгөв. Яваад очих нь ээ нэг залуу бүх хувцсаа тайлчихсан сууж байсан. Миний хүүгийн үеийн залуу байсан л даа. Хувцсыг нь өмсүүлэхийн тулд учирлаад гуйлаа. Хажууд зогсож байсан зарим хүн “Чи хувцсаа битгий өмс. Эсэргүүцлээ ингэж илэрхийлсэн нь зөв. Наад цагдаагаа холдуул. Үгийг нь битгий тоо” гээд улам турхирч байв.

Миний санаа их зовсон. Хүүгээс минь ялгаа юу байх вэ. “Миний дүүгийн эрүүл мэнд чухал. Хүмүүсийн ятгалгад орж болохгүй. Ах нь чиний үеийн хүүтэй. Хувцсаа өмчих” гээд учирлаад гуйсан юм. Тэр их зөв бодолтой залуу байна лээ. Бидний хажуугаас хүмүүс дэвэргээд юм ярихад нь дургүйцэн “Энэ хүн надтай юм ярьж байна” гээд миний үгийг хүлээж авахад нь сайхан санагдсан.

Эхлээд учирлаж гуйгаад үр дүнд хүрээгүй. Дахиад учирлаад гуйхад “За, ах би өөрөө хувцсаа өмсчихье” гэсэн. Тэгэхээр нь “Ашгүй дээ” гэж бодоод хувцсыг нь өмсүүлсэн.

-Та хоёрын бичлэг цахим ертөнцөд цацагдан, хүмүүс талархаж буйгаа илэрхийлсээр байна. Та бичлэгээ үзсэн үү?

-Үзээгүй. Үзэж амжаагүй явна. Манай ажлынхан “Эерэг хандлагатай тийм бичлэг фэйсбүүкт тавигдсан байна” гэж хэлсэн.

-Тухайн иргэн тантай холбоо барьсан уу, дахиж уулзсан уу?

-Уулзаагүй, холбоо бариагүй. Өнөөгийн залуус их ухамсартай болж байгаа. Залуус хууль их судалж, цагдаагийн алба хаагчдын шаардлагыг сайн биелүүлдэг болсон.

ЦАГДАА ХААНА БАЙНА, ТЭНД АМГАЛАН ТАЙВАН БАЙДАГ

-Таны энэ үйлдэл нийгэмд эерэг хандлага түгээн, бусад албан хаагчдадаа үлгэрлэлээ. Цагдаагийн алба хаагчдыг иргэдэд хүч түрэмгийлж, муйхар ханддаг гэж зарим хүн шүүмжилдэг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Энэ их буруу, өрөөсгөл бодол. Цагдаа бол тангараг өргөсөн, төрийн тусгай албан хаагч. Цагдаа хаана байна, тэнд амар тайван байдаг. Цагдаагийн алба хаагчид бусдад аль болох үлгэрлэхийг, нийгэмд эерэг хандлага түгээн, бусдад туслан дэмжин, учирлан ойлгуулахыг хичээдэг. Тэгэх ч үүрэгтэй.

-Жагсаалын үеэр үүрэг гүйцэтгэхэд ямар хүндрэл, бэрхшээл гарав?

-Иргэд олуулаа цугларлаа. Жагсаалын дундуур хутган үймүүлэх гэсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс орж ирсэн. Зарим иргэн бусдыг хууль бус зүйлд өдөөн турхирсан нь жаахан хэцүү байлаа.

Цагдаагийн алба хаагчид иргэдэд хуулийн дагуу, зохих ёсны шаардлага тавин, ямар нэгэн зөрчил гаргуулалгүй жагсаалыг дуусгалаа. Энэ бол цагдаагийн байгууллагын зөв удирдлага, чиглэлийн үр дүн л дээ. Цагдаагийн алба хаагчид иргэдэд аль болох учирлаж, тайлбарлаж ажиллалаа.

ШӨНӨЖИН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЭД 05.00 ЦАГИЙН ҮЕД ХАРЬСАН

-Иргэдийн жагсаал нэлээд удаан үргэлжиллээ. Та ер нь хэдэн цагт гэртээ харив?

-Үнэнийг хэлэхэд өглөө 05.00 цагийн үед харьсан.

-Амралгүйгээр өдөржин, шөнөжин ажиллах амаргүй. Гэр бүлийнхэн нь таны ажлыг их сайн ойлгож, дэмждэг бололтой.

-Манай гэрийнхэн ажлыг минь үнэхээр сайн ойлгодог, бүх талаар дэмждэг. Одоо бүр дасчихсан. Нутаг, дэвсгэрийн онцлогоос шалтгаалаад Сүхбаатарын талбай Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст харьяалагддаг.

Хүмүүс талбай дээр шинэ оноо угтана, тоглолт арга хэмжээ болно. Сүхбаатарын талбайд хамгаалалтад гараад сүүлийн 11 жил гэртээ шинэ жил тэмдэглээгүй. Үүрэг, хариуцлагаа ухамсарлан, ажлаа хийгээд л энд шинэ оноо угтдаг.

Зарим жил манай гэр бүлийнхэн надтай шинэ он угтахын тулд Сүхбаатарын талбай дээр ирдэг. Би дөрвөн хүүхэдтэй. Том хүү минь төрийн албанд ажилладаг, 25 настай.

-Жирийн иргэний адил гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ хамт шинэ оноо угтах юм сан гэж бодогдох юм уу?

-Бодогдолгүй яах вэ. Хүн юм чинь янз бүрийн л юм бодно. Гэхдээ төрд тангараг өргөсөн цагдаагийн алба хаагч. Бид босоо удирдлагатай. Хаана үүрэг гүйцэтгэ гэнэ тэнд нь бэлэн байх үүрэгтэй.

-Та цагдаагийн байгууллагад хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ?

-21 жил ажиллаж байна.

ЦАГДАА БОЛ ЭР ХҮНИЙ БАХАРХАЛТАЙ АЖИЛ

-Мэргэжлийнхээ юугаар нь хамгийн их бахархдаг вэ?

-Цагдаагийн мэргэжилд бахархах зүйл их бий. Би хүсэж, дурлаж байгаад энэ ажилд орсон. Дүрэмт хувцас өмсөн, иргэдийн амгалан тайван, аюулгүй байдлыг хангаж ажиллах сайхан. Цагдаа бол эр хүний бахархалтай ажил. Би бие хамгаалах урлагаар хичээллэдэг. “Цагдаа”, “Сонсогчийн алдар” тэмцээний аварга. Бие хамгаалах урлагийн багш.

-Хоёулангийнх нь ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Танд ажлын өндөр амжилт хүсье.

-Баярлалаа. Цагдаагийн алба бол хүнд алба. Цагдаа нар үг, ажлын ачаалал даах чадвар сайтай. Биеийн хүч, сэтгэл зүйн хувьд ч гэсэн бэлтгэгдсэн хүмүүс байдаг. Ийм хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллаж буйгаараа бахархдаг.