• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ОНЫ ОНЦЛОХ АЛБА ХААГЧ Б.МӨНХЖАРГАЛ: БИ ГУРВАН ҮЕ ДАМЖСАН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ

2020-01-02
ОНЫ ОНЦЛОХ АЛБА ХААГЧ Б.МӨНХЖАРГАЛ: БИ ГУРВАН ҮЕ ДАМЖСАН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Мөнхжаргалтай ярилцлаа. Тэрбээр энэ онд онц ноцтой хүн амины хэргийг илрүүлж “Оны онцлох алба хаагч”-аар шалгарсан юм.


-Оны онцлох алба хаагч болсон танд баяр хүргэе. Ажлын гараагаа хаанаас эхэлж байв. Цагдаагийн албанд хэдэн жил ажиллаж байна вэ?

-Би Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас ажлын гараагаа эхэлж байлаа. Тэр цагаас хойш 10 жил өнгөрчээ. Энэ хугацаанд нийслэлийн дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд хэсгийн байцаагч, эрүүгийн төлөөлөгчөөр ажилласан. 2019 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн тушаалаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын, хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байна.

-Цогтцэцийд хэсгийн төлөөлөгчөөр томилогдож очсон уу. Таныг анх ямар нөхцөл байдал угтаж байв?

-Анх Цогтцэцийд томилогдож очиход Өмнөговь аймаг харьцангуй хөгжил сайтай аймаг учраас хангалтын байр болон орчин нь дажгүй сайн байсан. Тэнд жижүүрийн офицероор анх ажиллаж байсан.

-Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс ямар хэргүүд дээр ажилладаг вэ?

-Хүн амины хэрэг, бага насны хүүхэд хүчиндэх, дээрэмдэх гэмт хэргүүд дээр ажилладаг. Дүүрэг болгон дээр л гарсан энэ төрлийн хэргүүд дээр эрүүгийн мөрдөгч нарыг чиг үүргээр хангаж, хамтарч ажилладаг.

-Онц ноцтой хэргүүд дээр ажилладаг юм байна. Хүнд, жигшүүртэй хэргийн газарт очихдоо сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэдэг вэ?

-Цагдаагийн байгууллагын алба хаагч бүр л онц ноцтой гэмт хэрэг дээр очиж ажилладаг. Тэр болгон дээр очоод харж чадахгүй, эсвэл сэжиглээд ч юм уу ажиллаж чадахгүй байна гэдэг өөрөө байж боломгүй зүйл. Төрийн соёмбо болон дүрэмт хувцсандаа итгэж найдаж явдаг болохоор муу юм бодолгүйгээр хийх ёстой ажил маань гэж бодоод л ажилладаг.

-Та 10 орчим жил цагдаагийн байгууллагад ажиллажээ. Энэ хугацаанд айдаст автуулсан ямар хэргүүд дээр ажиллаж байв?

-Хүн амины гэмт хэрэг, дээр нь бага насны хүүхдийн хүчингийн гэмт хэрэг бол өөрөө үргэлж иргэдийг айдаст автуулж байдаг жигшүүртэй хэргүүд. Бид гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох чиглэлээр түргэн шуурхай ажиллах нь хамгийн чухал байдаг. Тиймээс хүнд гэмт хэрэг үйлдэгдсэн газар очоод нотлох баримт эрж хайх тал дээр бүх анхаарлаа хандуулан ажилладаг.

-Та ямар онцлох үзүүлэлтээр оны онцлох алба хаагчаар шалгарав. Энэ онд онцлох ямар хэрэг дээр ажиллав?

-2019 оны есдүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Сэлбэ голын дагуу биедээ олон тооны шархтай эмэгтэйн цогцос олдсон гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Энэ хэрэг дээр дөрвөн хоног ажиллаж, нотлох баримт цуглуулж, мэдээ мэдээлэл авч гэмт хэрэгтнүүдийг Хан-Уул болон Сонинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан. Миний хувьд энэ жил дээрэм, хүн амь, хүчингийн нийт 105 хэрэг дээр ажилласан.

-Албаныхаа онцлогийн талаар танилцуулахгүй юу. Онц ноцтой хэрэгтнүүдийн араас хөөцөлдөнө гэдэг амар биш байх?

-Эрүүгийн цагдаагийн алба бусад албадаа бодвол онцлогтой. Эрүүгийн мөрдөгч хүнд маш олон чадвар, давуу тал байх ёстой. Тухайлбал, гэмт хэргийн мэдээ мэдээлэл, материал цуглуулахад хаана ямар танилтай байхаас шалтгаална. Танил талаа ашиглаад л эрэн сурвалжлахад ашиг тустай нотлох баримтуудыг олох боломжтой байдаг.

-Та дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд мөрдөгчөөр ажиллаж байсан гэсэн. Гол төлөв ямар хэргүүдэд ажиллаж байв. Онцлоод ярихгүй юу?

-Сүхбаатар болон Сонгинохайрхан дүүргүүд гэр хороолол ихтэй. Энэ ч утгаараа орон байр болон автомашины хулгайн гэмт хэрэг дээр голчлон ажиллаж байсан.

-Хэргийн мөрөөр ажиллаад мухардах тохиолдол гарах байх. Шантарч байв уу?

- Ихэвчлэн 4,5 хоног ч биш сар, жил тэрнээс ч их хугацаагаар нэг хэрэг дээрээ ажиллах тохиолдол гардаг. Хэргийн үнэн зөвийг олж тогтоохын тулд ингэж сар жилээр ч хамаагүй тасралтгүй мөрдөн шалгах ажиллагаагаа үргэлжлүүлэн ажилладаг. Гэмт хэрэг илрүүлэх үед мухардах үе байдаг ч шантарч няцаж орхилгүй дахин нягталж, юун дээр алдав, юуг дутуу орхив гэж дахин эхнээс нь шалгалтын ажлыг эхлүүлдэг.

-Та удам дамжсан цагдаа бил үү?

-Би гурван үе дамжсан цагдаагийн алба хаагч. Миний өвөө мөрдөгч байсан. Аав маань дотоодын цэрэг болон цагдаагийн байгууллагад насаараа ажиллаад цагдаагийн хурандаа цолтой гавьяаны амралтаа авсан. Би цагдаагийн гэр бүлд өссөн. Өвөө бүр эрүүгийн мөрдөгчөөр ажилладаг байсан. Бөх удамшдаг гэдэг шиг өвөөгийн ген цусанд маань байдаг болов уу гэж боддог юм.

-Ирээдүйн зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Хүссэн мэргэжилээ эзэмшсэн болохоор санасан зорьсондоо хүрэх гээд л хичээж явна. Ажиллаж байгаа хугацаандаа улсын хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралтыг бууруулах, үүний тулд ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр үргэлж толгойгоо ажиллуулж санаагаа чилээж явдаг юм. Онц ноцтой гэмт хэргийн илрүүлэлтийн хувийг нэмэгдүүлэх зорилго тавиад л ажиллаж байна. Энэ дашрамд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын нийт бие бүрэлдэхүүн, хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хамт олондоо шинэ оны мэнд хүргэе.

Эх сурвалж: "Өдрийн сонин" О.Дашням