“Нягтлах тусам аюулгүй” аян үргэлжилж байна
Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлсэн “Ятгах тусам нягтал” аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аяныг 2020 оны 4 дүгээр сарын 20-оос эхлэн хоёр сарын хугацаатай зохион байгуулж байна.
Энэ удаагийн “Нягтлах тусам аюулгүй” аяныг Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк, ХААН Банк зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж, олон нийтэд санхүүгийн гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэх чиглэлээр мэдлэг мэдээллийг түгээхийг зорьж байна.
Иргэд өөрсдийнхөө хийж байгаа үйлдэлдээ хариуцлагатай хандсанаар санхүүгийн залилах төрлийн гэмт хэргээс өөрийгөө болон гэр бүл, эд хөрөнгөө хамгаалах боломжтой гэдгийг цагдаагийн байгууллагаас сануулсаар байгаа.
Санхүүгийн залилах төрлийн гэмт хэргээс сүүлийн үед дэлгэрсэн нэг төрөл бол иргэдэд хамгийн их хохирол учруулдаг бидний нэрлэж заншсанаар сүлжээний бизнес. Сүлжээний бизнес нь олон шатлалт маркетингийн замаар хууран мэхэлж, ашиг хонжоо олох үйл ажиллагаа юм.
Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн сэдэл нь иргэдийг залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болгосоор байна. Манай улсад гэрээ болон сүлжээний бизнесээр халхавчилсан залилах гэмт хэрэг цөөнгүй үйлдэгддэг.
Хамгийн харамсалтай нь, залилуулсан хүмүүс ихэвчлэн хохирлоо барагдуулж чадахгүй үлдэх нь бий. Иймд залилангийн гэмт хэргийн золиос болохгүйн тулд хэн нэгэн таныг ятгах тусам нягтлах ёстойг цагдаагийн байгууллагаас сануулав.
Ийм төрлийн мөнгө угаах эрүүгийн хүнд гэмт хэрэг илэрлээ ч цаг хугацаа, хөрөнгө их зарцуулдаг, олон хохирогчтой, хохирлын хэмжээ олон тэрбумаар яригддаг зэрэг нь шалгахад ихээхэн хүндрэл учруулдагийг учирлаж байна.
Тухайлбал, 2015 онд “Жи тайм” гэх улс дамнасан санхүүгийн пирамид монголчуудын гэнэн шунал дээр “тоглон” мөнгө босгож олон хүнийг хохироосноор өдгөө ч хэрэг нь шалгагдаж байна. Үүнээс өмнө ч монголчууд олон шатлалт маркетинг буюу хууран мэхлэх пирамид тогтолцооны золиос болж байсан. Хойшид ч ялангуяа дэлхий даяар тархаад буй COVID-19 цар тахалтай холбоотойгоор иргэдийн санхүүгийн байдал хүндэрснийг далимдуулан мөнгө тарааж байна, богино хугацаанд их хэмжээний ашиг олох боломжтой хэмээн сурталчилж буй санхүүгийн луйврын гэмт хэргийг хохирогчдын тоо улам нэмэгдэх хандлагатай байна гэдгийг албаныхан анхааруулж байна.
Тиймээс энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүй байх боломж танд бүрэн байна.
Мөн иргэд та бүхэн санхүүгийн бусад луйвар, залиланд өртөхгүй байх үүднээс дараах зөвлөмжүүд дагаж хэвшээрэй. Үүнд: Ойр дотны хүнээс тань мөнгө гуйх зэргээр чат ирвэл сонор сэрэмжтэй байж тухайн хүнээс биечилж эсвэл утсаар асууж шалгаж байх, цахим хуудас тэр дундаа фэйсбүүк хаягынхаа нууц үгээ хэт амархнаар хийхгүй байх, ажлын компьютер болон гар утсан дээрээ фэйсбүүкээ нээлттэй орхихгүй байх, цахим хуудсаа ашиглаж дууссаны дараа хаах буюу log out хийж гарч байх, сонжоо, эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэлд нухацтай хандаж, аль болох нэвтэрч орохгүй байх, хувийн мэдээллээ оруулахгүйхэрэгтэй. Эдгээрийг мөрдсөнөөр иргэн та цахим гэмт хэргийн хохирогч болохоос өөрийгөө урьдчилан сэргийлж чадна.
Санхүүгийн луйвраас сэргийлье!