“ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН 100 ЖИЛ” СЭДЭВТ БЛОК МАРК ШУУДАНГИЙН ГҮЙЛГЭЭНД ГАРЛАА
Монгол Улсад Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Цагдаагийн ерөнхий газраас “Монгол шуудан” ХК-тай хамтран “Цагдаагийн байгууллагын 100 жил” сэдэвт маркийг бүтээлээ.
“Цагдаагийн байгууллагын 100 жил” маркийн анхны өдрийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2021.10.29/ “Монгол шуудан” ХК-ий төв зааланд болж, уг арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, Марк, Үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
Ийнхүү дээрх марк нь “Монгол Шуудан” ХК-ийн 1083 дахь сэдвийн шуудангийн марк үнэт цаас болж буйг тунхаглан зарлаж, хамтран ажиллагч байгууллагууд дугтуйнд гарын үсэг зурснаар гүйлгээнд гарлаа.
Уг марканд ёсолж буй цагдаагийн алба хаагч, цагдаагийн албаны өөрчлөлт, үе үеийн дүрэмт хувцастай алба хаагчид, цагдаагийн байгууллагын 100 жилийн ойн лого зэргийг дүрсэлсэн. Маркны голын хэсэгт цагдаагийн байгууллагын 100 жилийн ойн лого, цагдаагийн албаны өөрчлөлт, хөгжлийг харуулсан үе үеийн дүрэмт хувцастай алба хаагчид мөн ёслолын хувцастай ёсолж буй өнөө цагийн алба хаагчийг дүрсэлж түүнийг тойруулан Цагдаагийн ерөнхий газар, цагдаагийн байгууллагын сүлд, “Арван тавны цагдаа”, “Нийслэл Хүрээ”, “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”, “Сүхбаатарын одон”, "Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээн, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төв, Мөрдөн байцаах алба, Монгол цагдаа хөшөө, хөдөлгөөнт эргүүлийн цагдаагийн алба хаагч, эргүүлийн цагдаагийн алба хаагч, замын цагдаагийн алба хаагч, халдвар хамгааллын дэглэм сахиулж буй цагдаагийн алба хаагч, НҮБ-ын Энхийг сахиулагч цагдаагийн алба хаагчид, нохойтой цагдаа, цагдаагийн машин, цагдаагийн тусгай алба хаагчдыг тус тус дүрсэлж, цагдаагийн байгууллагын он удаан жилийн түүх, өнөөгийн хөгжлийг нэг блокт харуулахыг зорьсон.
“Цагдаагийн байгууллагын 100 жил” марк нь 45х33 мм, блок нь 125х90 мм хэмжээтэй бөгөөд зураач Г.Баттөр, дизайнер Ж.Ганхуяг нарын бүтээл юм.