• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Монгол Улс ФАТФ-ын "Зөвлөмж 15"-ын үнэлгээг ахиулж, уг зөвлөмжийг биелүүлсэн цөөн орны нэг болов

2022-07-29
Монгол Улс ФАТФ-ын

Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 25 дахь удаагийн уулзалт 2022 оны долдугаар сарын 24-28-ны өдрүүдэд Малайз улсын Куала Лумпур хотноо болж буй.

Тус хуралд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоогоор ахлуулан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Монголбанк, Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар болон Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн прокурорын газрын төлөөлөл Монгол Улсыг төлөөлөн оролцож байна.

Өнөөдөр буюу 2022 оны долдугаар сарын 27-нд Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс Монгол Улсын Явцын тайланг гишүүн орнуудаар хэлэлцүүлж, батлуулжээ. Хуралдаанаар “хагас хэрэгжүүлсэн” үнэлгээтэй байсан ФАТФ-ын Зөвлөмж 15-ыг “дийлэнхийг хэрэгжүүлсэн” болгож үнэлгээг амжилттай ахиулсан байна. "Зөвлөмж 15"-ын үнэлгээ баталгаажсанаар Монгол Улс ФАТФ-ын нийт 40 Зөвлөмжөөс 39 Зөвлөмжийг техник зөвлөмжийн хувьд бүрэн болон дийлэнхийг хэрэгжүүлсэн үнэлгээтэй болгож, ахиц гаргасныг Хууль зүйн дэд сайд Б.Солонгоо онцоллоо. Мөн "Зөвлөмж 15"-ыг биелүүлсэн цөөн орны нэг болжээ.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд зохистой зохицуулалт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ФАТФ-ын шаардлага, олон улсын стандартыг нэвтрүүлсэн талаар Монгол Улсын туршлагыг Ази номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүн орнуудад хуваалцаж илтгэл тавьж оролцож байна.

Монгол Улсын багийг Ази номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн Дэд дарга Иан Маккартни хүлээн авч уулзан, цаашид мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд санал солилцож, хамтран ажиллахаар болжээ. Түүнчлэн олон улсын донор байгууллагуудтай уулзалт хийж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр техник туслалцааны төсөл хэрэгжүүлэх талаар хэлэлцэв.

Монгол Улс Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орны жагсаалт буюу Саарал жагсаалтаас 2020 оны аравдугаар сард гарсан бөгөөд ФАТФ-ын Зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах үүрэг хүлээсэн хэвээр байгаа билээ. Энэ хүрээнд ФАТФ-ын техник хэрэгжилтийн зөвлөмж 15-т заасны дагуу улс орнууд виртуал хөрөнгийн салбарын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж олон улсын стандарт шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй.

ФАТФ-аас виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг тодорхойлж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх шаардлагыг мөрдүүлэх, эрсдэлд суурилсан аргачлалыг хэрэгжүүлэхтэй холбоотой өөрийн зөвлөмждөө нэмэлт оруулж, улс орнуудыг дагаж мөрдөхийг мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн зохистой эрх зүйн орчныг бүрдүүлэх, инновацыг дэмжсэн, эрсдэлийг бууруулахуйц тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох бусад байгууллагууд хамтран ажиллаж, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ний өдөр УИХ-аас батлуулсан.

Улмаар мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг виртуал хөрөнгийн салбарт үндэсний хэмжээнд үнэлэх, журам зааврыг боловсруулж батлуулах, хамтын ажиллагааг өргөжүүлж, иргэд олон нийтийг анхааруулах шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. ФАТФ-ын Зөвлөмж 15 /Шинэ технологи/-ын үнэлгээг ахиулах чиглэлээр Ази номхон далайн бүлэгт Монгол Улсын Явцын тайланг тодруулгын хамт тухай бүр хүргүүлж, техник зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр идэвхтэй ажиллаж иржээ.

Энэ удаагийн хурлын үеэр Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанаас Камбож болон Тимор Лесте улсын Санхүүгийн мэдээллийн албадтай мэдээлэл солилцож хамтран ажиллах хүрээнд “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулсан байна. 

Эх сурвалж: IKON.MN