ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГТ, МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИАС.
ГУЧДУГААР БҮЛЭГ
ХЭРЭГ БҮРТГЭЛТ
30.1 дүгээр зүйл.Хэрэг бүртгэлт
1.Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг хэрэг бүртгэлт гэнэ.
30.2 дугаар зүйл.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авах
1.Мөрдөгч, прокурор дараахь тохиолдолд гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авч шалгана:
1.1.хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас гэмт хэргийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн;
1.2.гэмт хэргийн шинжийг өөрөө шууд илрүүлсэн;
1.3.гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийгөө илчилж ирсэн.
2.Мөрдөгч, прокурор гэмт хэрэг үйлдсэн, үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай гомдол, мэдээллийг хүлээн авах үүрэгтэй.
3.Мэдээллийг хүлээн авахдаа санаатайгаар худал мэдээлбэл хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг мэдээлэл өгөгчид сануулна.
4.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд тухайн гомдол гаргасан, мэдээлэл өгсөн хүн энэ хуулийн Арван тавдугаар бүлэгт заасан журмын дагуу гомдол гаргаж болно.
30.3 дугаар зүйл.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл гаргах
1.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг иргэн амаар, эсхүл бичгээр гаргаж болно.
2.Биечлэн, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан гаргасан гомдол, мэдээллийг тэмдэглэл үйлдэж хүлээн авах ба түүнд тэмдэглэл үйлдсэн хүн гарын үсэг зурна.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3.Бичгээр гаргасан гомдол, мэдээлэлд гомдол гаргагч, эсхүл мэдээлэл өгсөн хүн гарын үсэг зурсан байна.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.Санаатайгаар худал мэдээлбэл хүлээлгэх хариуцлагын талаар гомдол гаргагчид тайлбарлан өгч, энэ тухай тэмдэглэлд тусган гомдол, мэдээлэл гаргагчаар гарын үсэг зуруулна.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
30.4 дүгээр зүйл.Хуулийн этгээд, албан тушаалтан гэмт хэргийн талаар мэдээлэл өгөх
1.Хуулийн этгээд, албан тушаалтан гэмт хэргийн талаархи мэдээллийг бичгээр өгөх ба түүнд холбогдох баримт, материалыг хавсаргаж болно.
30.5 дугаар зүйл.Гэмт хэргийн талаархи мэдээллийг төлбөртэй авах
1.Мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага дараахь мэдээллийг төлбөртэй авахаар нийтэд зарлаж болно:
1.1.гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа, завдсан, эсхүл үйлдсэн тухай;
1.2.эрэн сурвалжлагдаж байгаа хүн, эд зүйл, тээврийн хэрэгсэл, баримт бичгийн тухай.
2.Мэдээллийг төлбөртэй авах тухай зарлаагүй боловч хүн, хуулийн этгээдээс хүсэлт гаргасан тохиолдолд мэдээллийг төлбөртэй авах эсэхийг мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын дарга шийдвэрлэнэ.
30.6 дугаар зүйл.Хэргээ илчлэн мэдээлэх
1.Гэмт хэрэг үйлдсэн хүн үйлдсэн хэргээ сайн дураараа илчилсэн мэдээллийг бичгээр, эсхүл амаар гаргаж болно.
30.7 дугаар зүйл.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг шалгах
1.Мөрдөгч гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хянан үзээд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай бол гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор дараахь мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно:
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
1.1.үзлэг хийх;
1.2.шинжилгээнд зориулж дээж, хурууны хээ, ул мөрний хэв авах;
1.3.хохирогч, гэрчээс мэдүүлэг авах;
/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
1.4.хэрэгт ач холбогдол бүхий тээврийн хэрэгсэл, мөнгө, эд зүйлийг хурааж авах;
1.5.эд хөрөнгийг битүүмжлэх.
1.6.шинжээч томилох.
/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
2.Дараахь эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд явуулж, прокурорт даруй шилжүүлнэ:
2.1.гомдол, мэдээллийг шалгах явцад гэмт хэрэг үйлдэж байгаа болон үйлдсэн тухай үндэслэлтэй сэжиг байгаа тохиолдолд мөрдөгч, тагнуул, цагдаа, авлигатай тэмцэх байгууллагын алба хаагч;
2.2.Монгол Улсын хилийн гадна байгаа тус улсын усан онгоц, агаарын хөлөг аялж яваа үед гарсан гэмт хэрэгт усан онгоцны ахмад, агаарын хөлгийн багийн дарга;
2.3.Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутагт гарсан гэмт хэрэгт тухайн Дипломат төлөөлөгчийн газрын консулын асуудал эрхэлсэн ажилтан;
2.4.хорих ангийн харьяа нутаг дэвсгэрт хоригдлын үйлдсэн гэмт хэрэгт хорих байгууллагын эрх бүхий албан тушаалтан;
2.5.зэвсэгт хүчний анги, байгууллагын нутаг дэвсгэрт цэргийн алба хаагчийн үйлдсэн гэмт хэрэгт тухайн зэвсэгт хүчний анги, байгууллагын захирагч;
2.6.хилийн зурваст гарсан гэмт хэрэгт улсын хил хамгаалах байгууллагын эрх бүхий албан тушаалтан;
2.7.цэргийн алба хаагч энхийг дэмжих, олон улсын бусад ажиллагаанд оролцох явцад тэдний хооронд үйлдсэн гэмт хэрэгт тухайн цэргийн багийн эрх бүхий албан тушаалтан;
2.8.гаалийн хяналт, шалгалтын явцад илэрсэн гэмт хэрэгт гаалийн улсын байцаагч.
3.Шаардлагатай тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг нэг удаа 14 хүртэл хоногоор сунгаж болно.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
30.8 дугаар зүйл.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хянан үзээд гаргах шийдвэр
1.Мөрдөгч гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авч хянаж үзсэн даруй, эсхүл энэ хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулж дараахь шийдвэрийн аль нэгийг гаргасан даруй энэ тухай гомдол, мэдээлэл гаргагчид мэдэгдэнэ:
1.1.хэрэг бүртгэлтийн хэрэг нээх;
1.2.хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг прокурорт гаргах;
1.3.харьяаллын дагуу шилжүүлэх саналыг прокурорт гаргах.
2.Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэр гаргуулахаар харьяаллын дагуу прокурорт саналаа даруй хүргүүлнэ.
3.Мөрдөгч энэ зүйлийн 1.2-т заасан саналыг прокурорт 72 цагийн дотор хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./