“Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал болж байна
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газраас Монгол банк, Монголын банкны холбоотой хамтран зохион байгуулж буй “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордонд болж байна.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээж Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн дарга Ц.Нямдорж үг хэлэв. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээлтийн үйл ажиллагаанд оролцож үг хэллээ.
Эрдэм шинжилгээний хуралд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн гадаад, дотоодын 30 гаруй эрдэм шинжилгээний илтгэлийг ирүүлснээс шалгарсан илтгэлүүдийг хэлэлцэх юм. Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулснаар манай улсад болон олон улсын хэмжээнд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудлыг нээн гаргах, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагууд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлээр тодорхой үр дүнд хүрнэ гэж зохион байгуулагчид үзэж байна. Хурлын төгсгөлд оролцогчдын санал дүгнэлтийг нэгтгэн зөвлөмж гаргах ажээ.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ХЗДХЯ, Монгол банк, АТГ, УЕПГ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, их, дээд сургууль, АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Канад Улсын Хатан хааны морьт цагдаагийн алба, БНСУ-ын Үндэсний цагдаагийн газар зэрэг гадаад, дотоодын 400 гаруй байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцож буй юм.