• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Б.ДАШ: ХЭДИЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛАА ХИЙЖ БАЙГАА Ч БИДЭНТЭЙ АДИЛХАН ХҮН ШҮҮ ДЭЭ

2023-01-12
Б.ДАШ: ХЭДИЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛАА ХИЙЖ БАЙГАА Ч БИДЭНТЭЙ АДИЛХАН ХҮН ШҮҮ ДЭЭ

Цаг үе сайхан болж дээ. Бидний үед чинь юун энэ утас интернэт байдаггүй байлаа. Одоо бол ерөөсөө утасгүй л бол ажил амждаггүй болж дээ хөөрхийс. Хөдөөний мань мэт нь хүртэл утастайгаа малдаа явна, дуу сонсонгоо зэлээ цэвэрлэнэ ёстой жаргаж байна. Энэ утастай л бол интернэт гэдэг юмаар ороод ахынх нь ярьж байгаа зүйлийг олон хүмүүс үзэх үү гэж хэнэггүйхэн асууж буй ахыг Б.Даш гэдэг. Тэрээр 1 жилийн өмнө өөртөө тохиолдсон сайхан түүхээсээ уншигч бидэнд хуваалцсан юм. Сийрүүлэн бичив.

Нодлин өвөл л дөө. Манай суманд шинэхэн хэсгийн төлөөлөгч хүү ирсэн юм. Тэр эрч хүч нь хаанаас ундардаг юм гэмээр хүү байсан даа. Шөнийн 3-4 цагт л дуудлагатай явна аа Даш ахаа гээд хээв нэг инээгээд мотоциклтойгоо жороолдог хүү өглөө 8 цагт ажил дээрээ гозойж л байдаг байсансан.

Өө тэгээд хөдөөний бид хэд чинь хааяа нэг сум орно, аймгийн төв орно тэр үедээ хоол хүнсний жаал жуул юмаа цуглуулчихаад энэ муу дуу тавьдаг юмаа /Speaker/ мотоциклынхоо урд баглачихаад л Дунгаамаа дуугаа дагаж дуулаад л давхиж өгнө шүү дээ.

Нодлин жил өвөлжөө манай нутгаар бас чанга байсан. Нэг цасан шуурга дэгдчихээр хөөрхий хэдэн мал хуйгаа осгоочихгүйхэн шиг аваад гарчих юмсан гэж боддог доо. Мал, малчин хоёрын зовлон жаргалыг мэдэх хүмүүс нь мэддэг юм. Бидний ажил барагдахгүй түүний хажуугаар нь хотноос хэдэн хонийг минь өлөн чононууд хөзрийн мод сугалж байгаа юм шиг л шилээд аваад гарна, шөнө дунд юу болж байна одоо юу болох бол өнөө хэдэн мал маань гайгүй байгаа даа гээд хэд хэд сэрвэлзэнэ, хэдэн муухай хүмүүс нь малыг маань хулгайлчих вий гэж муу зөн совин татна, өглөө нь бүрэн бүтэн сайхан тайван хоносон бол тэгээд аз жаргал юм.

Өө зөнөг би гол юмаа ярихгүй юун ч олон юм чалччихав даа. Тэгээд нодлин өвөл өвөлжөөндөө ирээд удаагүй байтал манай эмгэн үглээд л байлаа. Энэ өвөл ер нь горьгүй хэдэн малаа хар!, хивэг нэмж авъя одоо яаж өвөлжих билээ, удахгүй цасан шуурга болох юм гэсэн гээд л. Би ч санаа зовсон хэдий ч за гайгүй биз дээ гээд унтах гэж байтал манай гэрийн зүг яах аргагүй мотоциклийн дуу хангинаад явчихлаа шүү. Ээ хөөрхий минь өнөө саяхан манай суманд шинээр ирсэн цагдаа хүү. Хацар нь хариугүй хөлдлөө, бас нэг нимгэхэн бээлий өмсчихөж тэр нэг юм нь дулаацуулсан аятай болдог юм болов уу даа. Хэрэг явдлыг асуувал хажуу саахалт айл аймгийн төв орвол хэд гурван эм аваад ирээрэй гээд гуйгаад байсан юм. Өчигдөр аймаг орсон болохоор өнөөдөр энүүгээр дайрч явангаа өгөх санаатай гээд орж ирсэн юм байх. Ишшш яасан сайхан сэтгэл вэ дээ. Хэрэг төвөг гээд завгүй байдаг хүн эм тан дөхүүлээд л явж байдаг үгүй ээ мөн сайхан сэтгэл ээ.

Төд удалгүй манай авгай муу ёрлоод байсан цөг гэм малаа алдчихалгүй яахав. Урт шөнө айхтар цасан шуурга болсон юм. Хэдэн мал маань майлалдаад л тухгүй байгаа нь илт хөгшин зөнөг би гараад яалтай билээ дээ. Уг нь шөнө ийш тийшээ явчихвий гээд санаа зовоод хэд хэд гарч харсан өглөө сэрсэн 5 тугалтай үнээ байдаггүй. Энэ тэнд явж байгаад осгочихсон байхвий дээ. Ээ харал аа зөнөг би мунгинаж байхаар дээлээ өмсөөд гадаа хонох байсан юм гээд өөрийгөө зүхээстэй. Болсон учир явдлыг цагдаа хүүд очоод хэлтэл надтай адил хэд хэдэн саахалтууд маань бас ирж.

За та хэддээ тайван байгаарай гэж хэлж чадахгүй нь малчин хүний хувьд малаа алдана гэдэг нь хамгийн хэцүү гэдгийг би мэдэж байгаа. Би аймгийн төвөөс нэмэлт хүч өгөх эсэхийг тодруулъя. Ямартай ч урд уулын энгэр даваад гарсан гэх албан бус мэдээлэл хүмүүсээс сонслоо юу ч гэсэн би тийшээ явлаа. Ийм айхтар цасан шуурга болж байгаа хойно хариад юу ч гэсэн та хэд маань дулаахан хувцаслаад үлдсэн хэдэн малаа сайтар харж байгаарай, цасан шуурга хэзээ намжихыг хэлж мэдэхгүй юм гэж хэлэхэд ивий миний хүүгээс ялгаа юу байхав гээд өрөвдөх сэтгэл төрж байлаа. Хэдий гэмт хэрэгтэй тэмцэх ажлаа хийж байгаа ч бидэнтэй адилхан хүн шүү дээ. Даарна, өлсөнө, ядрана, цангана. Энэ шинэхэн төлөөлөгч маань ирээд удаагүй байхдаа л ажилдаа ямар их хайртай, хүний төлөө яаж ажилладгийг харуулж яваа шийртэй хүү.

Цагдаа маань сумаас гараад 5-6 хоног лав сураг ажиггүй таг болсон юм. Сумын төвдөө сүлжээ барих хэдий ч сумаас зайдуу бас энэ цасан шуурганаар сүлжээ барина ч гэж гонжийнжоо.

Бүгд л хүлээгээд санаа нь зовсон байдалтай. Дотроо бидний алдсан малыг олоод аваад ирэх байхдаа гэсэн багахан горьдлого тээгээстэй. Урд уулын энгэрийг дурандвал манай хүрэн улаан тугалтайгаа, араас нь хэд хэдэн бод, бог харагдана. Харин манай төлөөлөгч хээв нэг урт мод барьчихсан, амных нь уншлагаас харахад хөж хөж гээд байгаа бололтой. Дуранд буулгасан зураглалаа саахалт хэддээ хэлэхэд аав ээж нь ажлаа тараад орой тор дүүрэн хүнс, чихэр жимсгэнэ авчирч байгаа аятай нүдэнд нь оч гэрэлтээд л алив тэр цай цүү, хоол унд хийе гээд л баяр болж байгаа аятай л юм боллоо доо.

Төлөөлөгч хүүгийн маань өмссөн малгай, зүүсэн ороолт нь битүү цан болчихсон хэдий ч биднийхээ төлөө санаа зовсон байгаа нь илт харагдав. За та хэд минь удаан хүлээсэн үү?. Эндээс 50-60 км орчим байрлах айлын эзэнгүй өвөлжөөн дээр очсон байна. Цасан шуурганаар л энэ хэд маань төөрч, осгож бэртсэн мал алга ашгүй дээ тийм ээ гээд л өөрийнхөө үнэтэй эд зүйлийг, өмч хөрөнгөө олсон юм шиг хэчнээн их баярлаж байгаа нь ойлгомжтой байлаа.

Тэр олон хоног ямар хэцүү байсан бол, энэ идэр есийн хүйтнийг ажрахгүй инээгээд хүрээд ирдэг мундаг сэтгэлтэй хүү байна даа. Мөрөн дээрх хоёр таван хошуу нь гурван том таван хошуу болно доо миний дүү гээд ар нурууг нь алгадахад, ээ гялай ах минь төр ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтай бид чинь энэ бүхий л талархалд тань урамшиж илүү хичээх болно гэж хэлсэн үг нь одоо ч санаанаас гардаггүй юм. Ай даа мөн ч их чармайлттай, үнэхээр их сэтгэлтэй залуу шүү. МАЛЧИД БИДНИЙХЭЭ ЭРДЭНЭТ МАЛ СҮРГИЙГ ОЛЖ ӨГЧ БАЙГАА ХҮҮГИЙН МИНЬ БУЯН НЬ ДЭЛГЭРЭГ!