“Уурга урт, хуйв уужуу” Эрүүгийн цагдаагийн алба
ЭХЭС /Эрүүгийн хэрэг эрэн сурвалжлах хэлтэс/-ийн нэгэн үеийнхэн албаны анхны дарга /1936/ Ц.Галттай уулзаж байгаа нь. Зүүн гар талаас Ц.Галт, П.Туваанжав, П.Дамдиндорж, Ц.Жамъянсэнгээ, Д.Рэгзэдмаа, н.Мягмарсүрэн, Э.Гантулга, Ш.Ганжууржав, Д.Чулуунбат нар.
Г.ЛХАГВАДОРЖ
ЦЕГ-ын Төв архивын түүх судлалын секторын судлаач
Эртний Грекийн гүн ухаантан Аристотель нэгэнтээ “Нийт хүмүүсийг 100 хувь гэж үзвэл тэдний 10 хувь нь хуулийг чандлан сахидаг чин шударгуу хүмүүс, мөн 10 хувь нь засаршгүй хулгайч, луйварчин, дээрэмчин, төрөлхийн гэмт этгээдүүд, харин үлдсэн 80 хувь нь боломж гарсан үед хулгай хийдэг хүмүүсийг хүн төрөлхтөн гэдэг юм” хэмээн тодорхойлсон байдаг. Ерөөс хэн бүхэн өөрт ашигтай, таатай боломж бололцоог л үргэлж хайж, эрэлхийлж явдагийн цаад агуулга нь үүнтэй ч холбоотой юм. Үлгэр домогт ханаж цадахыг мэдэхгүй мангас, ховдог шунахай хаан эс бөгөөс хорвоо ертөнцийн нар, сарыг ч өөрийн тааллаар байлгах гэсэн хомхой бэрдийн тухай өгүүлдэг. Азаар мангасыг дарж, дэг журам тогтоох баатар эр хэзээд үлгэрийг аз жаргалтайгаар төгсгөдөг билээ. Хүмүүс бидний хэн нь ч өөрийн хүсэл, шуналыг зоргоор нь тавьж орхивол яван явсаар үлгэрт гардаг шиг мангас болчихно. Аллага, хүчин, хулгай зэлгий, залилан, зохион байгуулалттай эрүүгийн гэмт хэргүүд вирус мэт амь бөхтэй оршсоор байдаг нь ч хүмүүсийн хүсэл шунал, сэтгэцийн эмгэгтэй холбоотой. Тэгвэл хүн төрөлхтөний шавхагдашгүй хүсэл шуналыг хазаарлан хамжааргатай байлгахын тулд хууль, дүрэм журам батлагдан гарч, хүмүүст хийсэн хэргийнх нь шийтгэлийг ноогдуулж, нуун далдлахыг оролдогсдыг нь мөшгин илрүүлж чаддаг байгууллагатай болсон нь бидний олон зуун жилийн нийгмийн хувьслын гол ололт амжилт билээ.
Тухайн үед хэрэглэж байсан техник хэрэгсэл
Манай Улсын хувьд орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн хөгжсөн нь 1921 оны ардын хувьсгалтай нас чацуу билээ. Гэхдээ энэ нь 1921 оноос өмнө монгол газар дээр цагдаа байгаагүй гэсэн үг биш ээ. Чингис хааны торгон цэрэг, хэвтүүл, турхан нараас угшилтай, хожим нь Манжийн үед Ихэс ноёдын хиа, Богд хааны үед Арван тавны цагдаа нар монгол газар дээр дэг журам сахиулж байв. Ихэс ноёдын хиа нь зөвхөн ихэс дээдэстээ үйлчилж, жирийн иргэнд ээлгүй байв. Харин арван тавны цагдаа нар жирийн иргэнд хатуу ширүүн дээрэнгүй хандах хандлагатай байснаас “Ардын цагдан сэргийлэх”-ийг байгуулах зайлшгүй шаардлага гарсан гэж түүхэнд тэмдэглэсэн нь бий. Өөрөөр хэлбэл, өнөөгийн Монголын цагдаагийн байгууллагын зулай дарсан ах нь цаг хугацааны хувьд “Арван тавны цагдаа” нар яалт ч үгүй мөн. Гэхдээ Ардын цагдан сэргийлэх нь үзэл баримтлалын хувьд цоо шинээр төрөн гарсан юм. Тухайлбал, жанжин Д.Сүхбаатар тэргүүтэй Ардын засгийн газар, засгийн эрхийг гартаа аваад наймхан хонож байхдаа буюу 1921 оны долдугаар сарын 19 өдөр Засгийн газрын зургадугаар хуралдаанаар жинхэнэ ард түмний эрх ашгийг хамгаалагч “Ардын цагдан сэргийлэх байгууллага”-ыг Цэргийн яамны бүрэлдэхүүнд эмхлэн байгуулж, цагдааг “сэргийлэх цэрэг” гэж нэрлэхээр тогтсон байдаг. Ийнхүү Засгийн газрын шийдвэр гармагц Цэргийн яамны тэргүүн сайд, бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар арван тавны цагдаагийн хамгийн сүүлийн дарга гүн Сүнгээг дуудан ирүүлж, арван тавны цагдааг татан буулгаж, Ардын цагдан сэргийлэх байгууллага байгуулах тухай Засгийн газрын шийдвэрийг танилцуулаад тэдний эзэмшин хэрэглэж байсан албан контор, буу зэвсэг, уналгын морьд болон бусад эд зүйлсийг Цэргийн яаманд шилжүүлэн өгөхийг тушаажээ. Гүн Сүнгээ ч тушаалыг ёсоор болгосон гэдэг.
Тухайн үед хэрэглэж байсан техник хэрэгсэл
Шинэ засгийн тулхтай бодлого шийдвэрээр Ардын цагдан сэргийлэх байгууллага улам бүр өргөжин хөгжиж, ард олны амгалан тайван байдлыг хангахын зэрэгцээ хотын комендантын үүргийг хариуцан ажиллаж үүрэг чиглэлийн хувьд олон хэсэг, тасагтай болж байв. Тухайлбал, 1934 онд жинхэнэ, туслах төлөөлөгч тус бүр хоёр, бусад орон тоо гурав нийт долоон хүний бүрэлдэхүүнтэй гүйцэтгэх ажлын тасаг байгуулж, Цагдан сэргийлэх газрын даргын жагсаал ангийн туслахад хавсаргасан нь өнөөгийн Эрүүгийн Цагдаагийн албаны эх суурь болсон юм. Гүйцэтгэх ажлын тасаг нь эрүүгийн гэмтэнтэй тэмцэх, оргон зайлж, хийсэн хэргээ нуун далдлахыг оролдогсдыг шуурхай эрэн сурвалжлах, илрүүлэх үүрэг гүйцэтгэж байв. Тодруулбал, одоогийн Өмнөговь аймагт аянчны 17 тооны тэмээг нь дээрэмдсэн бүлэг этгээдүүдийг алдагдсан тэмээдийг үрэн таран хийхээс нь өмнө баривчилсан, мөн алдагдаад олдохгүй байсан 40-өөд тооны адууг олж илрүүлэн эздэд нь таниулан өгсөн, хүний амь бүрэлгээд оргон зайлж ууланд бүгсэн этгээдийг баривчлан хорьсон, Шүүх таслах яамнаас ял авч хар гэрт хоригдсон болов оргон зайлсан оргодол хулгайч нарыг нэхэн баривчилсан зэрэг ажлаа тэд олноо өргөгдсөний 24 дүгээр он буюу 1935 оны жилийн эцсийн тайландаа дурджээ.
Улмаар 1936 оны есдүгээр сард Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, шуурхай эрэн сурвалжлах тасгийн гүйцэтгэх албыг хэлтэс болгон өргөтгөсөн юм. Хэлтсийн анхны даргаар нь хамгаалагч Цэвээний Галтыг томилж, боловсронгуй төлөөлөгч Гармаев, байцаагч н.Доёд, төлөөлөгч н.Наваан, тоо бүртгэгч н.Жадамбаа нарын туршлагатай хүмүүсээр албаа бэхжүүлж байв. Тэд хот, хөдөөгийн ноцтой гэмт хэргийг бүртгэн тооцоолоод халуун мөрөөр нь хөөн илрүүлж, мөрдөн байцаагаад шүүхэд өгдөг байжээ. Цаг үеийн нөхцөл байдал ч тус хэлтсийг үүрэг зохион байгуулалтын хувьд улам өргөжин бэхжихийг шаардах бөгөөд 1937 онд хэлтэс дотроо Эрүүгийн гүйцэтгэх ажил эрхэлсэн тасагтай, 1938 онд өмчийн ашиглалтай тэмцэх “эдийн тасаг”-тай болов. 1940 оны үед 12 аймгийн Цагдан сэргийлэх ангид гүйцэтгэх ажил эрхэлсэн тасагтай болсон нь Эрүүгийн цагдаагийн албаны “Уурга урт, хуйв уужуу” болоход ихээхэн түлхэц болсон юм.
Өдгөө 85 жилийн түүхтэй Эрүүгийн цагдаагийн алба энгийн хүнд ойлгогдохооргүй олон ажил үүргийг гүйцэтгэдэг. Цагдаагийн албаны үндсэн арга ажиллагааны хамгийн чухал гүйцэтгэх ажлыг нэр төртэй биелүүлдэг учир “Гүйцэтгэх ажлын алба” гэх нь ч бий. Гүйцэтгэх ажлынхан зүгээр нэг халаасны хулгайчийн араас хөөцөлдөхгүй. Тэд эрүүгийн ноцтой гэмт хэрэгтэн, сэжигтэн, шаардлагатай бол эрхтэн дархтан, улс төрчдийн араас мөшгинө. Эрүүгийн хэргийн хамгийн ноцтой хэлбэр бол санаатайгаар хүний амь бүрэлгэх явдал бөгөөд үүний цаад учир шалтгааныг олж тогтоохыг Эрүүгийн цагдаа эрмэлздэг юм. Нийгэм, цаг үе хувьсан өөрчлөгдөхийн хэрээр эрүүгийн хэргийн шинж төлөв улам нарийн төвөгтэй болсоор байна. Энэ тухай “Цагдаагийн эцэг” хэмээх хошууч генерал Б.Пүрэв өгүүлэхдээ “Цагдаагийн байгууллага тэр дундаа Эрүүгийн цагдаагийн албаны хариуцах ажлын хэмжээ нь он цаг улирах тутам хурдтайгаар нэмэгдэж байна. Дэлхий даяар гэмт хэргийн гаралт сүүлийн 40-өөд жилд ойролцоогоор 3,5 дахин өссөн ба харин манай улсад 2000 оныг 2010 онтой харьцуулахад 10 жилд гурав дахин өсчээ. Гэмт хэргийн төрөл, тоо бүтэц хүндрэх тал руугаа эрс өөрчлөгдөж, “Мансууруулах бодис хууль бусаар тээвэрлэх, хадгалах, борлуулах, хэрэглэхтэй тэмцэх”, “кибер гэмт хэрэгтэй тэмцэх”, “хүний наймаа хийхтэй тэмцэх” гэх мэт газар, хэлтсүүд ажилладаг болжээ. Ажилгүй, түүгээр ч барахгүй ажил хийх хүсэлгүй хүн олонтой, ядуурал, архидалт ихтэй, залуус, хүүхдийн хүмүүжил төлөвшил тун ч тааруу байгаа манай улсад гэмт хэргийн гаралт буурах нөхцөл бүрдээгүй байна. Тэгээд ч улс орон баян чинээлэг болж хөгжсөнөөр гэмт хэрэг олигтой багасч устдаггүйг гадны улс орон, түүний дотор их гүрнүүдийн байдал харуулж байна. Иймээс цагдаа, түүний дотор Эрүүгийн цагдаагийн алба мөнх орших бололтой…” гээд “Эрүүгийн цагдаагийн албаны түүх бол Монгол Улсын цагдан сэргийлэх болон цагдаагийн байгууллагын түүхийн цөм хэсэг мөн” гэсэн юм.
Эрүүгийн цагдаагийн албаныхан гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх таслан зогсоох, илрүүлэх, мөрдөн шалгах, гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцлийг арилгах, ажлын ялангуяа хүнд, онц хүнд гэмт хэрэгтэй хийх тэмцлийн тэргүүн шугам, халуун цэгт ажиллахдаа төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирснээрээ бахархах эрхтэй. Цаашид ч энэ алба төр түмнээ түвшин амгалан байлгахад жинтэй хувь нэмрээ оруулсаар байна гэдэгт эргэлзэхгүй байна.