• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зарлигаар “Үйлчилгээний гавьяат ажилтан” цолоор шагнагдлаа

2020-10-05
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зарлигаар “Үйлчилгээний гавьяат ажилтан” цолоор шагнагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 126 дугаар зарлигаар Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Намхайдагвын Ганхуяг, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн эргүүлчин, ахлах ахлагч Дашбямбын Бямбадагва нар “Үйлчилгээний гавьяат ажилтан” цолоор өнөөдөр /2020.10.05/ шагнагдлаа.

Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Намхайдагвын Ганхуяг нь цагдаагийн байгууллагад 24 дэх жилдээ цагдаагийн байгууллагын хуулиар хүлээлгэсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа тэргүүний алба хаагч юм.

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн эргүүлчин, ахлах ахлагч Дашбямбын Бямбадагва нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагад 28 дахь жилдээ Дотоодын цэргийн тухай хуулиар хүлээсэн улсын онц чухал объектыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсоох, ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, гамшиг аюулт үзэгдэл, осол аюул тохиолдсон үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд  дэмжлэг үзүүлэх, зарим объектыг түр хугацаагаар хамгаалах, зорчиг, ачаа тээшийг харгалзах хүргэх зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа тэргүүний алба хаагч юм.

Шагнагдсан алба хаагчдыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйлс гардууллаа.

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд хэлхдээ:

Та бүхний энэ өдрийн амар амгаланг эрж мэндчилье.

Өнөөдөр Монголын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хувьд түүхэн бас нэг онцгой үйл явдал тохиож байна.

Монголын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан” хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнагдсан та бүхэнд Цагдаагийн ерөнхий газрын даргын Зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс болон Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн зүгээс чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

Та бүхнийг цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хөгжил дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, өргөсөн тангараг, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж, өөрийн мэдлэг, чадвараа дайчлан, идэвх санаачилга гарган ажилласныг төр засаг өндрөөр үнэлснийг энэ дашрамд хэлэхэд таатай байна. 

Түүнчлэн төр засгаас цагдаа, дотоодын цэргийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж, анхаарал хандуулж байгаагийн зэрэгцээ энэхүү Төрийн дээд шагналаар шагнагдаж байгаа баярт үйл явдал нь ч нийт алба хаагчдад ажиллах итгэл найдвар, урам зоригийг өгч байна.

Монгол Улсын Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас төрөн гарсан “Гавьяат ажилтан”-ууд Та бүхэнд болон гэр бүлийнхэнд тань ажлын амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээв.