"ҮЛГЭРЛЭЛ МАНЛАЙЛАЛ" АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО.
Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй “Өнгө нэмцгээе-2020” нөлөөллийн аяны хүрээнд Эрүүгийн цагдаагийн албанаас Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын хэмжээнд “Үлгэрлэл, Манлайлал” арга хэмжээг зохион байгуулж эхэллээ.
Арга хэмжээний нээлт өнөөдөр /2020.11.02/ "Корпорэйт Конвеншн Центр"-ийн их танхимд зохион байгуулагдсан бөгөөд нээлтийн арга хэмжээнд:
Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал,
Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Сүхболд,
“Мобиком” корпорацийн ерөнхий захирал Тацуяа Хамада,
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров,
Удирдлагын академийн удирдлага, сэтгэлзүйн тэнхимийн багш доктор Т.Алтанцэцэг нар болон нийслэлийн дүүргүүд дэх эрүүгийн цагдаагийн албаны харьяа нэгжийн 570 алба хаагч биеэр, орон нутаг дахь цагдаагийн газар, хэлтсийн 3000 гаруй алба хаагчид цахимаар тус тус оролцлоо.
Нээлтийн үйл ажиллагааг тус албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Сүхболд нээж “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын албандаа хандах хандлага, ёс зүй, мэдлэг, ур чадвар, итгэл үнэмшлийг нэмэгдүүлж, мэргэшсэн үйл ажиллагаагаар үлгэрлэн манлайлж, цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилтыг хангахад уг арга хэмжээний зорилго оршиж байна, “Үлгэрлэл Манлайлал” арга хэмжээнд алба хаагчдыг үлгэрлэн манлайлж оролцохыг уриалснаар арга хэмжээ эхэлсэн.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Үлгэрлэл Манлайлал-Амжилтын үндэс”, “Мобиком” корпорацийн ерөнхий захирал Тацуяа Хамада “Удирдагчийн манлайлал”, Удирдлагын академийн удирдлага, сэтгэлзүйн тэнхимийн багш доктор Т.Алтанцэцэг “Хувь хүний маркетинг” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд урилгаар “VOICE MONGOLIA” шоуны шилдэг оролцогчид мөн ЦЕГ-ын Сүлд чуулгын дуучид ая дууны мэндчилгээ дэвшүүлж, ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалаас “Төр иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ чин шударгаар, итгэл дүүрэн, нэр төртэй биелүүлж, “Үлгэрлэл Манлайлал нөлөөллийн арга хэмжээнд хамт олноороо идэвх санаачилгатай оролцохыг алба хаагчдад уриалснаар нээлтийн арга хэмжээ өндөрлөсөн юм.