• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргын мэндчилгээ

2018-10-29
Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргын мэндчилгээ

Монголын цагдаагийн байгууллагын Эдийн засгийн албаны түүхт 80 жилийн ойн тэмдэглэлт баярын өдрийг тохиолдуулан цагдаагийн албанд тангараг өргөж, улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай албанд хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмад буурлууд, тэдний үйл хэргийг залгамжлан ажиллаж буй алба хаагчид, тэдгээрийн гэр бүлийнхэн, хамтран ажилладаг байгууллага, хамт олон Та бүхэнд хувиасаа болон албаныхаа нийт бие бүрэлдэхүүний өмнөөс чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье.

БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн “Улсын хөрөнгийг ашиглан шамшигдуулагчидтай хийх тэмцэлийг хүчтэй болгох тухай” тогтоол 1938 онд гарч Улсын Цагдан Сэргийлэх Газраас уг тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Гүйцэтгэх хэлтсийн бүрэлдэхүүнд улс, олон нийтийн өмчид халдагсадтай тэмцэх үүрэг бүхий “ЭДИЙН ТАСАГ”-ийг 5 хүний орон тоотойгоор байгуулснаар өнөөгийн Монголын Цагдаагийн байгууллагын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны тулгын чулуу тавигдсан байдаг.

Эдийн засгийн алба нь Цагдаагийн байгууллагын түүхийн шаргал хуудсанд 1940 оноос эдийн засаг, нийгмийн шилжилтийн онцлогоос хамаарч 7 удаа бүтэн зохион байгуулалтын өөрчлөлт хийгдэж, албаны түүхт 80 жилийн ойн босгон дээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн А/11 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны бүтцэд “Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар"-ыг байгуулан бэхжүүллээ.

Өнөөдрийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар нь бүтэц, орон тооны хувьд Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Мөрдөн шалгах хэлтэс, 21 аймаг, 2 дүүрэг, Төмөр зам дахь цагдаагийн газар, Иргэний агаарын цагдаагийн хэлтэст эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий нийт 91 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр улсын төсвийн бүрдэл, түүний зарцуулалт, уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй, банк, санхүү, гааль, татварын салбар дахь зохион байгуулалттай, нууц, далд аргаар үйлдэгдсэн эдийн засгийн гэмт хэргүүдийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Эдийн засгийн албанаас Монгол улсын гавьяат хуульч цагдаагийн дэд хурандаа Үржингийн Жамбадагва, цагдаагийн хурандаа Ёндонгийн Бадамдорж, хошууч генерал Баастын Пүрэв, үйлчилгээний гавьяат ажилтан цагдаагийн хошууч Ёндонгийн Ядамсүрэн, хошууч генерал Равдангийн Гүнсэн, Бэгзийн Даваасамбуу, Алтангэрэлийн Думбурай, Жамцын Содном, Баастын Пүрэв, Чимиддоржийн Амарболд, бригадын генерал Аажуурын Дулаанжаргал, Мядагийн Ганхүү, тэргүүн комиссар Рэнцэндоржийн Чингис, Хүрэлсүхийн Энхжаргал, тэргүүн дэд комиссар Жадамбаагийн Ганбаатар, дэд комиссар Цэвээндоржийн Ням-Очир, Дэлэгчоймболын Амарсайхан, туслах комиссар Жамъянсэнгээгийн Эрдэнэболд  нарын алдар гавьяатан, цагдаа, цэргийн дээд цолтнууд төрөн гарсныг бахархан тэмдэглэж байна.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, даргын зөвлөлийн гишүүнээр 13 хүн  ажиллаж байсан бол одоо ЦЕГ-ын Тэргүүн дэд даргаар цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, ЦЕГ-ын Дэд бөгөөд нийслэлийн цагдаагийн газрын даргаар цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Хэрэг бүртгэх албаны даргаар цагдаагийн хурандаа А.Амгалан, Тээврийн цагдаагийн албаны даргаар цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, ЦЕГ-ын Санхүү, аж ахуйн албаны даргаар цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд нар ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагын Эдийн засгийн албаны 80 жилийн түүхийг эргэж харахад манай албаны үе, үеийн ахмад, залуу ажилтан, алба хаагч нар Монгол улсын нийгэм, эдийн засгийн хувьсал, шилжилт өөрчлөлтийг хамгийн ихээр мэдэрдэгч зогсолтгүйгээр шинэчлэгдэн хөгжиж, түүхийн аль ч үед улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт төр, ард иргэдийнхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч, хүлээсэн үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж ирснийг тэмдэглэн хэлэхэд баяртай байна.

Эдийн засгийн албаны дарга асан, цагдаагийн бэлтгэл хурандаа Ш.Мягмарцэрэн, Д.Цог нарын санаачилга, хичээл зүтгэл, мөн үе, үеийн ажилтан, алба хаагч нарын оролцоотойгоор тус албаны 80 жилийн ойн босгон дээр ахмад, залуу үеийн залгамж холбоо, түүхийн санах ой болгон бүтээсэн  “Цагдаагийн байгууллагын эдийн засгийн албаны түүхэн товчоо” номыг Та бүхэндээ хүргэж байна.

Монгол цагдаагийн байгууллагын сүр хүч, сүлд хийморь мандан бадрах болтугай.

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДЭД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Ц.НЯМ-ОЧИР