“ИТГЭЛИЙН БАЯР” ТАЛАРХАЛ, ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” төслийн хүрээнд Нийслэлийн иргэдийг хорт зуршил, донтолтоос хамгаалах, согтууруулах ундааны хэрэглээнээс үүсэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгэм, хувь хүний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх зорилготой “Итгэл” төслийг амжилттай хэрэгжүүллээ.
“Итгэл” төслийн үйл ажиллагаа дуусгавар болсонтой холбогдуулан “Итгэлийн баяр” талархал, хаалтын үйл ажиллагааг өнөөдөр /2022.12.21/ Нийслэлийн засаг захиргааны V байр иргэний танхимд зохион байгуулагдлаа.
Уг төсөл нь 3 үе шаттай явагдсан бөгөөд нэгдүгээр ээлжинд Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 44 иргэн, хоёрдугаар ээлжинд Баянзүрх, Сүхбаатар, Хан -Уул дүүргийн 35 иргэн, 3 дугаар ээлжинд Налайх, Багахангай, Багануур дүүргийн 35 иргэн, үүнээс 26 нь эмэгтэй иргэд хамрагдсан юм.
Иргэдэд “Сайн санаа, сайхан сэтгэл” 4С, 28 хоногийн вакум хөтөлбөрт үйлчилгээг үзүүлсэн бөгөөд энэхүү хөтөлбөр нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эм, эмнэлгийн тусламж үйлчилгээ, сэргээн засах, сэтгэл зүйн цогц үйлчилгээ, дэмжих бүлгийн үйлчилгээ, дуу хөгжим, бясалгал иог, хөдөлмөр эмчилгээг ажлын байранд холбон зуучлах, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх олгох, хувь хүний хөгжлийн сургалт нөлөөллийн ажлуудтай хослуулсан, олон улсын сайн туршлагад суурилсан.
Итгэл төсөлд өөрийгөө шинээр бүтээхээр ирж оролцсон иргэд болон “Итгэл” төслийг бодлогын түвшинд дэмжсэн, удирдан зохион байгуулсан төрийн байгууллагууд, түүний удирдлага хамт олон “Итгэл” төслийг дэмжиж нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажилласан байгууллагууд, төслийн ажлын алба “ Итгэлийн нар” багийнханд талархал илэрхийлье.
“Итгэл төсөл” төр иргэний харилцан итгэлцэл, гэр бүл, хайртай хүмүүсийн хамтын итгэлцэл, хувь хүний өөртөө итгэх итгэлд гэрэл нэмж, итгэлээр гэрэлтсэн шинэ амьдралыг иргэддээ бэлэглэж төслийг хамтдаа бүтээсэн чин сэтгэлтэй хүн бүрт баярлалаа.