• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2022 ОНЫ ШИЛДЭГ АЛБА ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-12-23
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2022 ОНЫ ШИЛДЭГ АЛБА ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2022 оны “Хөдөлмөрийн аварга”, “Оны онцлох алба  хаагч”, “Арван тавны цагдаа” шагналаар шагнагдсан 15 алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагааг өнөөдөр /2022.12.23/ Цагдаагийн ерөнхий газрын хүндэтгэлийн танхимд зохион байгууллаа.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, даргын зөвлөлийн гишүүд болон алба хаагчид оролцсон юм.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд хэлэхдээ: 

Эрхэм генерал, офицер, ахлагч, ажилтан, алба хаагч, хүрэлцэн ирсэн Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Цагдаа, дотоодын цэргийн байгууллага 2022 онд дэвшүүлсэн зорилт, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж амжилттай ажиллалаа. Энэ онд Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэргийн 100 жилийн ой тохиож, бид Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

Эрхэлсэн ажилдаа амжилт бүтээл гаргаж, бусдыгаа түүчээлэн ажилласан нийт алба хаагчид Та бүхэнд Цагдаагийн ерөнхий газрын даргын Зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

Улсын хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт, хохирол нөхөн төлүүлэлт өсөж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас ард иргэдийнхээ амар тайван аюулгүй, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлэхэд та бүхний ажлын гүйцэтгэл, хичээл зүтгэл их байсныг онцлон тэмдэглэж байна.

Цаашид та бүхэн ард иргэдийнхээ хүндэтгэл, өндөр итгэл найдварыг өвөрлөн амжилтаа ахиулан, алдраа дуурсгаж явна гэдэгт миний бие итгэлтэй байна. Гаргасан амжилт, гавьяа бүхний чинь ард бат зогсож байдаг та бүхний гэр бүл, үр хүүхдэд тань удахгүй тохиох шинэ он, шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын суу алдар бадарч байх болтугай хэмээв.

Нэг. Хөдөлмөрийн аварга алба хаагчаар:

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Булганхангай

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Өлзийбаяр

Төв аймгийн цагдаагийн газрын Батсүмбэр сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Х.Түмэн-Өлзий

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Нийслэлийн хөдөлгөөн зохицуулах хэлтсийн цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлагч Э.Цэлмэгсайхан

Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээллийн технологи, холбооны төвийн Мэдээллийн технологийн хэлтсийн Программ хангамж, хөгжүүлэлтийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Ц.Уугансувд

Авто баазын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Баянжаргал

Архангай аймгийн цагдаагийн газрын экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад М.Ванчиндорж

Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Х.Наранбаатар

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч П.Соронзонболд

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн МҮОНРТ-ийн хамгаалалтын салбарын харуулын дарга, дэслэгч А.Мөнхбат

Дотоодын цэргийн 810 дугаар ангийн харуулчин, дэд ахлагч Ж.Баттулга

Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Х.Мөнх-Эрдэнэ

Хоёр. Оны онцлох алба хаагчаар:

            Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Цахим мониторинг, дүн шинжилгээний тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Баасанбат

Гурав. Арван тавны цагдаагаар:

Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын Асгат сумын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Т.Баттүвшин нар тус тус шалгарлаа.

Нийт алба хаагчдынхаа цаашдын ажил, хөдөлмөрт өндөрт амжилт хүсье.