VIDEO CALL ХИЙНЭ ГЭХ ЛУЙВРААС БОЛГООМЖИЛ
Фэйсбүүк орчинд садар самууныг сурталчилсан группуудэд эмэгтэй хүний зураг ашигласан хуурамч хаягаар “#Video call хийнэ”, “#Видео чат” хийнэ гэх мэт утгатай зар байршуулж, урьдчилгаа мөнгө авах замаар бусдыг залилан мэхэлдэг, мөн хохирогч өөрийн жинхэнэ хаягаар харилцсан тохиолдолд бичсэн чат мэдээлэл болон илгээсэн зураг зэргийг гэр бүл, найз нөхөд рүү тараана гэх мэтээр мөнгө нэхэн заналхийлэх үйлдэл хийдэг тодорхой эрхэлсэн ажилгүй “Д” гэгчийг Эрүүгийн цагдаагийн албаны #Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн шалгаж байна.
Уг этгээд нь урьдчилгаа хэлбэрээр хохирогчоос 10.000 – 40.000 төгрөг авч видео дуудлага хийнэ гэж #залилдаг, мөн харилцах явцдаа олж авсан мэдээллээ #барьцаалж мөнгө нэхдэг, мөнгө өгөхгүй бол гэр бүл, найз нөхөд рүү нь мэдээллийг нь олон нийтийн сүлжээгээр тараана гэх зэргээр #заналхийлж 100.000 – 300.000 төгрөгийг бусдаас авч байсан талаараа мэдүүлсэн.
Иймд иргэд фэйсбүүк орчинд өөрийн аюулгүй байдлаа хангаж, шаардлагагүй, нэр хаяг тодорхойгүй, хуурамч фэйсбүүк хэрэглэгчтэй ямар нэг байдлаар харилцахгүй байх, хувийн мэдээллээ бусдад өгөхгүй, урьдчилгаа хэлбэрээр мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас #анхааруулж байна