• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Цагдаагийн ахлах ахлагч Б.Соронзонбат: 247 ширхэг тэсрэх бөмбөг, сум олж, аюулгүй болгосон

2020-05-29
Цагдаагийн ахлах ахлагч Б.Соронзонбат: 247 ширхэг тэсрэх бөмбөг, сум олж, аюулгүй болгосон

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

Төв аймгийн Баянжаргалан сум дахь Цагдаагийн хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Соронзонбат албан үүргээ гүйцэтгэж явахдаа сумын төв дотор байрлах эзэнгүй балгас дотроос байлдааны онгоцны пулемётны сум олж, илрүүлэн аюулгүй болгосон юм. Түүнтэй ярилцлаа.

-Тухайн үед юу болсон талаар манай уншигчдад хуваалцахгүй юу?
-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд сумынхаа нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байлаа. Сумын Цагдаагийн хэсгээс 30 метр орчим газар эзгүй, хүн, амьтан орж гардаггүй, хаалга нь цоожтой, цонх нь хагархай, балгас болчихсон байшин байдаг юм. Ийм газар гэмт хэрэг гарах нөхцөл болдог болохоор шалгалт хийхээр шийдсэн. Хүмүүс тэнд архи, согтууруулах ундаа хэрэглэдэг байж магадгүй гэж хардсан хэрэг. Эргүүл хийх үеэр байшингийн урд талын цонхны тавцан дээрээс 30 см урт, дөрвөн мм өргөнтэй хоёр ширхэг цэнэгтэй сум олсон. Тэр даруйдаа шууд даргадаа мэдэгдлээ.

Дарга цааш нь Зэвсэгт хүчний жанжин штабт мэдээлэл өгснөөр тэр өдөртөө Зэвсэгт хүчний жанжин штабаас тэсрэх дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын  мэргэжилтэн н.Баасансүрэнгээр ахлуулсан Зэвсэгт хүчны 084 дүгээр ангийн долоон алба хаагч ирж ажилласан.

-Таныг хоёроос илүү сум, олон тооны тэсрэх бөмбөг илрүүлсэн гэдэг мэдээлэл гарсан. Бусдыг нь хаанаас олсон бэ?
-Тэсрэх бодисын устгалын багийнханд бид “Сумын төвөөс зүүн тийш Улаан-Ухаа гэдэг газарт 20 жилийн өмнө хуучин Зөвлөлтийн нисэхийн цэргийн анги байсан. Тэнд сум байж магадгүй. Нэгэнт ирсэн юм чинь тэнд бас очоод үзээд өгөөч” гэж хүсэлт тавьсан. Тэр газар нь хүн амьдардаггүй, зэлүүд газар болохоор аюулгүй л дээ. Гэхдээ сум байгаад тэсэрч, дэлбэрвэл малчид өртчих магадлалтай. Зөвлөлтийн цэргийн анги байсан газарт шалгалт хийхэд, онгоцноос хаях зориулалттай цэнэгтэй тэсрэх бөмбөг олдсон. Ингээд энэ газраас дахин бөмбөг, сум илэрч магадгүй гээд хайгуулын ажлыг үргэлжлүүлсэн.

Удалгүй дахиад хоёр ширхэг тэсрэх бөмбөг, дөрвөн ширхэг сум олсон. Тэр хавьд зусдаг О.Батцэнгэл гэдэг айлынхаар очтол гэрийнхээ гадаа зургаан настай хүү сумын төвөөс олсон гээд сум шиг тоглож байсныг ээж нь хурааж авсан байсан. Хүү гэрийнхээ ойролцоогоос тэр сумыг олоод, ээждээ “Та энүүгээр газар ухаж болох юм байна. Таны газар ухдаг төмөр чинь хүнд, энэ  хөнгөн” гээд гэртээ авчирсан байгаа юм. Тэгээд ээж нь сандраад, тэсэрч, дэлбэрч магадгүй гээд хулганы нүхэнд хийчихсэн гэсэн. Одоо бодохоор гол харлаад байдаг юм.

Хэрэв зургаан настай хүүгийн тоглож байсан сум дэлбэрсэн бол яана. Хоёр өдөр албаныхан манай сумын нутаг дэвсгэрээс нийт гурван бөмбөг, долоон сум олж, устгасан.  Бид анх дуудлага өгөхдөө “Хоёр сум илэрсэн” гэж хэлсэн болохоор тэд хоёр сум л устгана гэж бодоод, устгалын ганц, хоёр өдрийн нөөцтэй ирсэн юм билээ. 

-ЗХУ-ын нисэхийн цэргийн анги байсан газарт дахиад хайгуул хийсэн гэсэн үг үү?
-Би сумынхаа Цагдаагийн хэлтсийн удирдлагуудад дахин хайгуул хийж, самналт хийх санал тавьсан юм. Манай суманд тэсрэх бөмбөг илрэх магадлалтай байна, аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй бол болохгүй гэдгээ хэлсэн. Тэгээд энэ хүсэлтийг холбогдох газар нь уламжилж,  014 дүгээр ангийн дэд хурандаа н.Цэрэндоржоор ахлуулсан 27 хүний бүрэлдэхүүн манай суманд ирсэн. Тэд тавдугаар сарын 22-26-нд хуучин нисэхийн цэргийн анги байсан газраас хааш хаашаагаа есөн километр газарт самналт.

Самнасан хийсэн талбайгаас тэсрэх бөмбөг, сум нийт 247 ширхгийг олж, бүгдийг нь аюулгүй болголоо. Олсон тэсрэх зүйлээ аюулгүй болгохдоо тэр хавьд зусаж байсан малчдыг малтай нь гурван километр газарт нүүлгэж, цагдаагийн байгууллагын хамгаалалтад амжилттай устгасан. Тэсрэх бөмбөг бүгд онгоцноос шидэх зориулалттай юм билээ.

-Өмнө нь танай сумаас сум, бөмбөг олдож байсан уу?
-Сум, бөмбөг олдсон талаар манай цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаагүй. Бид зөвхөн хуучин цэргийн анги байсан учраас сум байх магадлалтай гэж хардаж, самналт хийх хүсэлт өгсөн юм. Харин 1990-ээд оны сүүлээр төмөр үнэд орж байх үед иргэд сумны хонгио түүж, тушааж байсан гэдэг. Тэр үед нутгийн гурван залуу хээр дөрвөн сумыг хошуугаар нь газарт зоож, зуух хийгээд, гал түлж байгаад дэлбэрч байсан  юм билээ. Одоо сумны хонгио зөндөө байдаг. Тийм болохоор малчид бараг тоодоггүй.

-Танд өмнө нь тэсрэх бөмбөг, цэнэгтэй сум олж байсан туршлага бий юү. Их л гярхай, няхуур хүн юм гэж бодогдож байна?
-Би Төв аймгийн Алтанбулаг суманд ажиллаж байх үедээ их бууны хоёр ширхэг цэнэгтэй сум олж, илрүүлж байсан. Цэнэгтэй хоёр сумыг айлын гэрийн бүслүүрт даруулга болгон тавьчихсан байсан. Хөдөөний айлууд салхи шуурганаас хамгаалж гэрээ уяагаар даруулаад, чулуу болон хүнд зүйлд тавьчихсан байдаг шүү дээ, яг тэрэн шиг. Тийм болохоор сумны бага зэрэг ойлголт, мэдлэгтэй.

-Хэрэв эдгээр сум, бөмбөгийг илрүүлээгүй бол гарах хор уршгийн талаар танд мэргэжилтнүүд хэлсэн үү?
-“ФАБ-250” гээд 250 кг жинтэй том сум нь 14 мянга шоо метр талбайг хамарч амьд амьтныг устгах хүчин чадалтай гэж   байна лээ. Зөвхөн нэг бөмбөг онгоцноос хаяхад л Налайх шиг нэг дүүрэг устана гэсэн үг. 

-Олдсон бүх сум, бөмбөгийг  хуучин цэргийн ангийнхан хэрэглэж байсан гэсэн үг үү?
-Тэрийг хэлж мэдэхгүй байна. Сумын ахмад настай ганц, хоёр хүнээс асуухад “Оросын цэргийн анги байхдаа зэвсэглээд, буудаж,  дэлбэлж сургуулилалт хийдэг байсан. Сумын төвөөс бага зэрэг хол учраас нисдэг тэргээр бөмбөг шидэж, техник хэрэгслээ шалгадаг байсан” гэж ярьсан. Мөн тэд “Цэргийн анги байсан газарт намаг ихтэй учраас бөмбөг нь дэлбэрээгүй, зоогдоод үлдсэн байх талтай. Тэгээд одоо тэр нь хөдөө, хээр газраас илэрсэн байж магадгүй” гэж байна билээ. Мэргэжилтнүүд зарим бөмбөгийг нарны гэрлийн илчинд удаан байсан учраас цэнэглэгдэж, дэлбэрэхэд ойрхон болсон байна гэж байсан. Гэхдээ ард иргэдийн амар тайван байдал чухал учраас хэдий хэр хугацааны дараа дэлбэрэх байсныг хэлээгүй.

-Хуучин цэргийн анги байсан газраас сум олдох магадлалтай байх. Харин анх сум олсон эзэнгүй барилгад өмнө нь юу байдаг байсан юм бэ. Цонхны тавцан дээр байсан хоёр сум яаж яваад тэнд очсон байх вэ? 
-Хүмүүс сайн мэдэхгүй болохоор хонгио гэж бодоод зөөвөрлөн авчирсан байж магадгүй. Хуучин цэргийн ангиас сумын төвөөс олсон шиг сум олон илэрсэн учраас хүмүүс мэдэхгүй зөөвөрлөсөн байх гэж таамаглаж байгаа. Тэр байшин дотор хүүхдүүд орж тоглох боломжгүй, хаалга нь цоожтой байдаг юм. Харин өмнө нь морин спорт хороо болон ногоон өвс, тэжээл хадгалдаг малчны байшин байсан гэсэн.

-Та цагдаагийн албанд хэдэн жил ажиллаж байна вэ?
-Одоогоос 18 жилийн өмнө цагдаа гэх их айлд хөл тавьж байлаа. Анх 1995 онд Цагдаагийн ерөнхий газрын харьяа эргүүл хамгааллын 801 дүгээр хорооноос ажлын гараагаа эхэлсэн. 2013 онд Төв аймгийн Баянцагаан сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байгаад, өнгөрсөн оны сүүлээс Баянжаргалан суманд томилогдож ирсэн. Одоо эхнэр, зургаан хүүхдийн хамт энд ажиллаж, амьдарч байна. Цагдаагийн албанд ах маань намайг оруулж өгч байлаа. Надад ч хэлэлгүй ах маань “Хувцсаа өмс, бос” гэж хэлээд нэг газар руу дагуулж явсан. Дагуулж ирсэн газарт нь биеийн тамирын шалгалт өгсөн. Анх ямар учиртай шалгалт өгч байгаагаа ч мэдээгүй. Тэгээд л шалгалтдаа тэнцэж, цагдаа болсон. Тэр үеэс хойш албандаа тасралтгүй ажиллаж байгаа.

-Цагдаагийн мэргэжлийн сайхан нь юу вэ? 
-Аврал эрсэн хүмүүс “Цагдаа ирлээ” гэж хэлээд амар тайван болж байхыг нь харах сайхан байдаг. Бас бухимдсан хүмүүс тайвшраад  баярласнаа илэрхийлэх сайхан шүү дээ. Хүн гэдэг чинь урмын амьтан болохоор нэг айл ч гэсэн аюулгүй, амар тайван байхад болох нь тэр. Тийм л сайхан зүйлүүдийг мэдэрдэг болохоор албандаа үнэнч зүтгэх юм сан гэж үргэлж хичээдэг. 

-Таныг Цагдаагийн eрөнхий газраас шагнасан гэсэн үү. Баяр хүргэе? 
-Тийм ээ. Баярлалаа. Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаагийн гавьяа тэмдгээр шагнасан.