• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

Цагдаагийн ахмад Ц.Хишигбаяр: Тандалт судалгаа, дүн шинжилгээний нэгжтэй болсноор олон талын ач холбогдолтой

2020-07-23
Цагдаагийн ахмад Ц.Хишигбаяр: Тандалт судалгаа, дүн шинжилгээний нэгжтэй болсноор олон талын ач холбогдолтой

Цагдаагийн байгууллагын түүхт 99 жилийн ойн босгон дээр Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын  тандалт, судалгаа,  дүн шинжилгээ  тасгийн дарга,  цагдаагийн ахмад Ц.Хишигбаяртай ярилцлаа. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар байгуулагдснаар энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр судалгаан дээр суурилсан олон ажлуудыг шат дараалалтайгаар хийж байна. 

/Эх сурвалж: "Монголын үнэн"  сонин /

Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдын хувьд  орчин үеийн ямар тоног төхөөрөмжийг  гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх чиглэлээр ашиглаж байна вэ? 

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг нь манай улсад үйлдэгддэг бусад төрлийн гэмт хэрэгтэй харьцуулахад үйлдлийн арга болон нийгмийн хор уршиг, үр дагавараараа нэлээн ялгаатай. Энэ төрлийн гэмт хэргийн гаралт жилээс жилд нэмэгдэж, улам нарийн зохион байгуулалттай болж улс үндэстэн дамнан үйлдэгддэг.  Мөн гэмт хэрэгтнүүд хууль бус үйлдэлдээ цахим сүлжээг ашигладаг. Цагдаагийн ерөнхий газрын  Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилдаа улам мэргэшиж, олон улсын туршлагыг судлан, үйл ажиллагаандаа орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлээд байна.

Англи улсад үйлдвэрлэгдсэн Smiths detection компаний IONSCAN 600, Target-ID, Sabre 5000, Trunarc зэрэг өндөр хүчин чадалтай, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болон энэ төрлийн бодистой харилцсан хүнийг илрүүлэх чадалтай техник хэрэгслийг худалдан авч өдөр тутмын үйл ажиллагаа, хяналт шалгалтын үед ашиглаж байгаа юм. Цагдаагийн алба хаагчид бид хяналт шалгалтын үед болон хэргийн газрын үзлэгээр агууламж нь тодорхойгүй ямар нэгэн бодис илрүүлдэг.

Энэ үед Target-ID төхөөрөмжийн тусламжтайгаар шингэн, хатуу ямар ч төлөвийн бодисоос дээж авч тухайн бодис мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эсэхийг газар дээр нь тодорхойлох боломжтой. Target-ID төхөөрөмжийг орон нутгийн цагдаагийн газар, хэлтсүүдэд хуваарилсан. Харин IONSCAN 600 төхөөрөмжийн тусламжтай хүний бие, хувцаснаас арчдас авч 48 цагийн дотор хар тамхи, мансууруулах бодис болон тэсэрч дэлбэрэх бодистой харилцсан хүнийг шууд илрүүлэх боломжтой. Энэхүү төхөөрөмжийг өндөр хөгжилтэй улс орнууд нисэх онгоцны буудалд ихээхэн ашигладаг. Манай Хар тамхитай  газарт ашиглаж байгаа техник хэрэгслүүд бусад өндөр хөгжилтэй улс орнуудад ашигладаг олон улсын стандартанд нийцсэн хэрэгслүүд байгаа юм.

Тандалт судалгаа, дүн шинжилгээний хэлтэс нь ямар чиг үүрэгтэй ажилладаг вэ? 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны “Хөтөлбөрт өөрчлөлт оруулах, бүтэц батлах тухай” А/09 дүгээр тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцэд Хар тамхитай тэмцэх газрын оруулан батлаж бүтэц, орон тоог өргөтгөн зохион байгуулсан. Мөн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах зорилгоор тус газрын бүтцэд Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагаа, Тандалт судалгаа, дүн шинжилгээний нэгжүүдийг байгуулж, тусгай мэргэжлийн эм зүйч, химич, биологич зэрэг мэргэжилтэй алба хаагчид ажиллаж байна. Тандалт судалгаа, дүн шинжилгээний нэгжтэй болсноор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн талаарх нээлттэй болон хаалттай эх сурвалжийн мэдээ, мэдээлэлд шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуурлан тандалт судалгаа, дүн шинжилгээ хийж, цаг үеийн нөхцөл байдал болон цаашдын чиг хандлагыг тодорхойлж, Хар тамхитай тэмцэх газрын удирдлага болон шаардлагатай тохиолдолд цагдаагийн бусад албадыг мэдээллээр хангах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагааг хөнгөвчлөх, уялдаа холбоог сайжруулах, богино хугацаанд шаардлагатай мэдээ, мэдээллийг авах, солилцох, мэдээллийг бүртгэлжүүлэх, холбогдох мэдээллийг нэгтгэж, сан бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын  хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ямар ажлууд зохион байгуулж байна вэ?

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд тавих хуулийн хэрэгжилтийг хангах, энэхүү бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, дээрх бодисын хууль бус эргэлтээс олсон хөрөнгөөр санхүүжүүлж болзошгүй үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх ажлыг нэгдсэн бодлого, удирдлага, зохион байгуулалтаар хангаж хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор батлагдсан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, тархац бүхий аймгууд дахь зэрлэг олсны ургамлыг устгах, ил болон далд эх сурвалжаас авагдсан мэдээлэлд дүн шинжилгээ хийж мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад орсон эмийн хууль бус хэрэглээг таслан зогсоох, сэжигтэй этгээд, бүлэг бөөгнөрөл, тэдгээрийн хууль бус үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох, гэмт хэргийн талаар мэдээ, мэдээлэл цуглуулах, тархац бүхий нутаг дэвсгэр, эмзэг цэгүүдэд хяналт шалгалтыг тогтмол зохион явуулж, цохилт өгч ажиллаж байна. Үүний үр дүнд хэргийн илрүүлэлт өсч, эд мөрийн баримтаар хураагдсан бодисын хэмжээ нэмэгдэж, сэтгэцэд нөлөөт бодисын нийлүүлэлт улсын хэмжээнд багассан зэрэг эерэг үр дүн гарсан.

Гэмт хэрэг үйлдэж  байгаа субьект, үйлдлийн арга, шалтгаан нөхцөл ямар байгаа талаар судалгааны үр дүн ямар байна вэ? 

Статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд эрхэлсэн ажил төрөлгүй, орлогын эх үүсвэргүй, бусдад өр зээлтэй, урьд өмнө ял шийтгэгдэж байсан, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа, бага насны хүүхэдтэй өрх толгойлсон, ганц бие амьдралтай эмэгтэйчүүд гэх мэт этгээдүүд ашиг олох шунахайн сэдлээр энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж, хүрээгээ тэлж байна.

Мөн БНХАУ-д амьдардаг биеэ үнэлэгчид, халаасны хулгайч нарын дунд мансууруулах бодисын хэрэглээ ихээхэн газар авсан ба эдгээр этгээдүүдээр зуучлуулах, дамжуулах замаар монгол иргэд БНХАУ-д мансууруулах бодисыг худалдан авдаг нь хэд хэдэн эрүүгийн хэргийг шалгах явцад тогтоогдоод байгаа. Үүнээс гадна эдгээр этгээдүүд бусдыг мансууруулах бодисын хууль бус наймаа, тээвэрлэлтэнд элсүүлэх, шинээр хэрэглэгч бий болгох, гадаадын гэмт бүлэглэлийг манай улсад зохион байгуулах эрсдлийг бий болгож байна гэж үзэж байгаа юм.

Гадаадын бусад орнуудаас хэрхэн туршлага   судлан нэвтрүүлэн ажиллаж байна вэ? 

Тус газраас зорилтот бүлэгт чиглэсэн "Хасах 25" төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Төслийн хүрээнд Нэгдсэн үндэсний байгууллагын хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олон улсад хэрэгжүүлэхийг зөвлөмжилсөн стандарт, хөтөлбөрийг орчуулан өөрийн орны онцлогт нийцүүлэн нутагшуулахаар ажиллаж байна. Тухайлбал Ази, Европын зарим улс, орнуудад амжилттай хэрэгжсэн гэр бүл болон сургуульд суурилсан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, донтолтоос урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг орчуулах ажлыг эхлүүлээд байна. Мөн тус газрын алба хаагчид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр бүс нутгийн болон олон улсын хурал, сургалт зөвлөгөөнд тогтмол хамрагдаж, бусад орны туршлагыг судлан, хамтын ажиллагааг нэмэгдүүлдэг.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн гаралт жилээс жилд нэмэгдэж, гэмт хэрэгтнүүдийг үйлдлийн арга улам нарийсаж илүү зохион байгуулалттай нууц далд аргаар үйлдэгдэж байх тул цагдаагийн алба хаагчид та бид өөрсдийн мэдлэг, мэдээллийг улам нэмэгдүүлж, мэргэжлийн ур чадвараа өдөр бүр ахиулах хэрэгцээ шаардлага үүсч байна.

Ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэдэг нийт алба хаагч нартаа ажлын өндөр амжилт хүсье. Мансууралгүй ирээдүйн төлөө хамтдаа зүтгэцгээе.

Таньд ажлын амжилт хүсэж байна