• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“МОНГОЛ ХУРАНДААГИЙН ӨДӨР” ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-03-02
“МОНГОЛ ХУРАНДААГИЙН ӨДӨР” ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсад Хурандаа цол олгож эхэлсний 87 жилийн ой өнөөдөр /2023.03.02/ тохиож хүндэтгэлийн арга хэмжээг Онцгой байдлын ерөнхий газар, Монгол хурандаа нийгэмлэгтэй хамтран зохион байгууллаа.

Монгол улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлын төлөө зүтгэж ирсэн төрийн цэргийн “Хурандаа” цолтнуудын гавьяаг алдаршуулах зорилгоор 2016 онд Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Хурандаа нарын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргаснаас хойш 7 дахь жилдээ тэмдэглэж байна.

Хурандаа цолыг анх Улсын Бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор 1936 оны 03 дугаар сарын 02-ны өдөр олгож эхэлсэн түүхтэй юм.

Анхлан Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагын алба хаагчдад хурандаа цолыг олгож байсан бол 1950 онд Цагдаагийн байгууллага, 1964 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, 1971 Онцгой байдлын байгууллагаас хурандаа цолтон төрөн гарч байжээ.

1936 оноос хойш Цагдаа, Зэвсэгт хүчин, Онцгой,  Хил хамгаалах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Тагнуулын байгууллагаас нийт 3,200 гаруй хурандаа цолтон төрсөн бөгөөд үүний 60 гаруй нь эмэгтэй хурандаа байна.

“Монгол хурандаагийн өдөр” нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хөгжил цэцэглэлтэд өөрийн ухамсарт амьдрал, залуу халуун нас, сурсан эрдэм мэдлэг, эзэмшсэн мэргэжил, олсон дадлага туршлагаа зориулсан эрхэм хүмүүсийн баатарлаг, хөдөлмөрч гавьяат үйлсийг хүндэтгэн, алдаршуулах, санан дурсах өдөр төдийгүй нийт ард түмний, бүх цэргийн алба хаагчдын өдөр юм.

Монгол улсынхаа өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн түүхийг бичилцэж яваа эрхэм хурандаа нартаа эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Сонирхуулахад: Хурандаа цол нь дэлхий нийтийн цэргийн цол бөгөөд ахлах офицерын дээд цол юм. Анх 1509 оноос Францын Легионы армид хэрэглэж эхэлсэн гэж үздэг бөгөөд 17-р зуунаас Европын орнуудын армид уламжлан явсаар дэлхий нийтийн жишгээр армийн хорооны захирагчийн цол болсон байна.