ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХ, ОРОЛЦОО, ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Манай Улс хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн харилцаанд аливаа ялгаваргүйгээр тэгш оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх, тэдний өвөрмөц хэрэгцээнд түшиглэсэн нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх зорилгоор 1995 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийг баталж, уг хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлэх нийгмийн хамгааллын арга хэмжээний хууль эрх зүйн үндсийг бий болгосон. “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцийг Монгол Улс 2009 онд соёрхон баталсан бөгөөд энэхүү конвенцийн хэрэгжилтийн тайлангаа НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хороогоор 2015 онд хэлэлцүүлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооноос тус тайланг хэлэлцээд конвенцийн ерөнхий зарчим болон хүлээсэн үүргээ хууль эрх зүй, бодлогодоо тусгах шаардлагатай байгааг Монгол Улсын Засгийн газарт зөвлөмж болгосон юм.
Монгол Улсын Их Хурлаас 2016 онд шинээр баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн гишүүний хувьд үндсэн эрхээ эдэлж, хөгжих боломж олгосон суурь эрх зүйн баримт бичиг болсон. Энэ хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хуульчилж эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийтийн тээвэр, зам, орон сууц, олон нийтийн барилга байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг зохицуулсан юм.
Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүтцэд хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан нэгж бий болгосон нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар авах арга хэмжээг эрчимжүүлэх, төр, төрийн бус байгууллагын түншлэл, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн чиглэлээр бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхэд томоохон дэвшил болсон.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан тайлангаар 2016 оны Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 100,993 хүн байна. Тэдний 40.8 хувь нь төрөлхийн, 59.1 хувь нь ахуйн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон байна. Хөгжлийн бэрхшээлтэй 0-17 насны 10,407 хүүхэд байгаагаас 12.1 хувь нь харааны, 8.3 хувь нь хэл ярианы, 7.6 хувь нь сонсголын, 17,6 хувь нь сэтгэцийн бэрхшээлтэй, 21.2 хувь нь хөдөлгөөний, 9.8 хувь нь хавсарсан бэрхшээлтэй байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөрийн насны 92994 хүн байгаагаас зөвхөн 19 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс цалин хөлстэй хөдөлмөр эрхэлж, өөртөө болон өрх, гэр бүлдээ эдийн засгийн дэмжлэг үзүүлэх боломж бага байгаагаас ядууралд өртөж, амьжиргааны баталгаажих доод түвшнээс доогуур орлоготой амьдарч байна. Ажил эрхлэх хүсэл сонирхолтой, хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хөтөлбөр байгаа хэдий ч санхүүгийн хомсдолоос шалтгаалан дорвитой хэрэгжихгүй байна.
Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны судалгаагаар “хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 40 орчим хувь нь цэцэрлэг, сургуулийн бага ангид суралцаж байдаг бол цаашид энэ хувь буурсаар ерөнхий боловсролын дунд, ахлах ангид суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо нийт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 14 хувь болсон” байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх ойлголт, хандлага нийгмийн аль ч түвшинд хангалтгүй, эдгээр хүмүүсийн асуудалд хүний эрхийн хувьд адил тэгш бус халамж хүртэгч, өвчтөн, нийгмийн идэвхгүй гишүүн мэтээр хандах хандлага байсаар байна.
Хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүн боловсрол, эрүүл мэнд, халамжийн үйлчилгээнд тэгш хамрагдах, хөдөлмөр эрхлэх, бие даан амьдрахад сөргөөр нөлөөлж, тэдний эрх нь зөрчигдөж, ялгаварлан гадуурхагдах нэг шалтгаан болж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгмийн бүхий л харилцаанд бүрэн дүүрэн оролцох нөхцөлийг бүрдүүлэх, тэдний дуу хоолойг нь олон нийт, шийдвэр гаргах түвшинд хүргэх хөгжлийн бэрхшээлийн талаар эерэг ойлголт, хандлагыг нийгэмд төлөвшүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр” (цаашид “хөтөлбөр” гэх)-ийг боловсруулав.
Хөтөлбөр нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого (2016-2025), Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг хууль, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангах дунд хугацааны бодлогын баримт бичиг болно.
Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орны хувьд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт, Ази, Номхон далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан “Эрхийг бодит болгоё” Инчеоны стратеги (2013-2022), ДЭМБ, ОУХБ, ЮНЕСКО, АиДиДиСи байгууллагаас гаргасан “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах удирдамж”, ДЭМБ-ын Хөгжлийн бэрхшээлийн талаарх үйл ажиллагааны дэлхийн төлөвлөгөө (2014-2021) зэрэг баримт бичгийг бүх шатанд хэрэгжүүлэхэд энэхүү хөтөлбөрийн ач холбогдол оршиж байна.