Монгол Улсын цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг интерполын удирдлагын зүгээс өндрөөр үнэлэв
Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполоос 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тус олон улсын байгууллагын Ази-Номхон далайн бүс нутаг дахь гишүүн орнуудын цагдаагийн байгууллагуудын дунд “Ковид-19 цар тахлын үед хууль сахиулах байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдэвт олон улсын цахим уулзалтыг зохион байгууллаа.
Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Юрген Шток зэрэг тус олон улсын байгууллагын удирдах албан тушаалтнууд болон Австрали, БНХАУ, Япон, БНСУ, Малайз, Индонез, Шинэ Зеланд, Сингапур зэрэг Ази номхон далайн бүс нутгийн 23 улсын цагдаагийн байгууллагын төлөөлөгчдийг хамруулсан энэхүү цахим уулзалтад Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан болон Интерполын Үндэсний төв товчооны Ажлын албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Баясгалан нар оролцож, “Ковид-19” цар тахлын үед гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Монгол Улсын цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийж, бусад оролцогчидтой харилцан туршлага солилцлоо.
Илэрч бүртгэгдсэн коронавирусын тохиолдол бүрт ойрын хавьтлуудыг цаг алдалгүй тогтоож, тусгаарлах болон тэргүүн шугамд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдаа аюулгүй байдлын зааварчлага, хамгаалах хувцас, хэрэгслээр сайтар хангаж, халдвараас бүрэн урьдчилан сэргийлж чадсан зэрэг Монгол Улсын цагдаагийн байгууллагын амжилтыг Интерполын удирдлагын зүгээс өндрөөр үнэлсэн байна.